"Яараад яахав дээ" арга хэмжээний үеэр 3600 гаруй жолоочид нөлөөллийн ажил хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-07-03 17:10:20

Завхан /МОНЦАМЭ/. Завханд “Яараад яахав дээ” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд 1600 гаруй автомашины жолооч, давхардсан тоогоор 3600 гаруй зорчигчдод мэдээлэл өгчээ.

Орон нутгийн замд гарч байгаа зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, осол хэргийн гаралт, үүнээс үүдэлтэй нас баралт, гэмтэл зэрэг хохирлыг багасгах, авто замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлж иргэд таатай зорчих нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн ухуулга нөлөөлөл, сургалт сурталчилгааг өгөх зорилготойгоор зохион байгуулж байна.
Монгол хүний амь нас, эрүүл мэнд хохирч байгаа шалтгаан, нөхцөлийн нэг болсон зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, бууруулах чиглэлээр Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс санаачлан “Оюутолгой” ХХК, “Мобиком корпораци” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулан ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд энэ сарын 15-ны өдрөөс “Яараад яахав дээ” урьдчилан сэргийлэх хэсэгчилсэн арга хэмжээг улсын хэмжээнд эхлүүлсэн аж. Энэ ажлын хүрээнд Завхан аймгийн иргэд орон нутгийн замд зам тээврийн осолд өртөн амь нас нь хохирч байгаатай холбогдуулан Улиастайгаас Улаанбаатар хот болон аймгууд руу явдаг төвлөрсөн замд ухуулга, нөлөөлөл, урьдчилан сэргийлэх самбарыг байрлуулж байна. Мөн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн алба хаагч нар Их-Уул, Тосонцэнгэл, Нөмрөг, Сонгино, Тэлмэн сумын улсын чанартай авто замд хөдөлгөөнт эргүүлээр тогтмол хяналт, шалгалт хийж, "Яараад яахав дээ" аяныг иргэд, олон нийтэд сурталчлан замын хөдөлгөөнд оролцож явсан жолооч нарт санамж, сэрэмжлүүлэг тараан ажиллаж байна.


Хөдөлгөөнт замуудад сэрэмжлүүлэг тараах нөлөөллийн ажил хийж байна

Аймгийн Замын цагдаагийн тасгийн алба хаагчид "Орон нутгийн зам хөдөлгөөний соёл-2019", "Яараад яахав дээ" аяны хүрээнд ШТС болон үйлчилгээний 42 цэг газруудад ажиллаж иргэд, жолооч нарт ухуулга нөлөөллийн ажил хийсэн тухайгаа мөн мэдээлэв.

Энэ үеэр 1200 гаруй иргэнд санамж, сэрэмжлүүлэг байршуулан тарааж, наалт нааж, хяналт шалгалт хийн зөрчил гаргасан жолооч нарт арга хэмжээ авч, зөрчлийг газар дээр нь арилгуулж сануулах арга хэмжээг зохион байгуулж байна. Түүнчлэн хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, хувиараа таксины үйлчилгээ үзүүлдэг жолооч нарт ухуулга нөлөөллийн сургалт зохион байгуулж, зурагт санамж сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Иймээс зуны урин дулаан цаг, хүүхдийн амралт эхэлсэнтэй холбогдуулан иргэдийн Улаанбаатар хотоос хөдөө, орон нутаг, байгалийн үзэсгэлэнт газруудад амрах, зугаалах хөдөлгөөн ихэсч байгаа. Аймгийн төв болон сумдаас бусад аймгууд болон Улаанбаатар хот руу аялж зугаалах, хөдөлгөөн ихэссэнтэй холбогдуулан иргэд та бүхнийг хурдаа тохируулж явах, хамгаалах бүс хэрэглэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх зэргээр зам тээврийн осол, хэргээс өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж, уриалж байна.

Холбоотой мэдээ