Триполи хотын цагаачдыг саатуулах төв агаарын цохилтод өртжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-07-03 13:21:59

ТРИПОЛИ. /BBC/. Ливийн нийслэл Триполи хотын захад оршдог цагаачдыг саатуулах төв мягмар гарагт агаарын цохилтод өртсөний улмаас наад зах нь 40 хүн амиа алдаж, 80 гаруй хүн шархадсан талаар тус улсын эрх баригчид мэдээлжээ.


Амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь Африкийн цагаач иргэд байсан бөгөөд сүүлийн жилүүдэд Ливиэр дамжин Европт хүрэхийг зорьсон цагаачдын тоо ихээхэн нэмэгдсэн байна.


Ливийг олон жил удирдсан Муаммар Каддафиг 2011 онд түлхэн унагааж, амийг нь хөнөөсний дараа тус улсад хүчирхийлэл газар авч, улс төрийн тогтворгүй байдал үүссэн билээ.


Онцгой байдлын газрын хэвлэлийн төлөөлөгч Осама Алигийн “AFP” агентлагт мэдээлснээр, агаарын цохилтод өртсөн байранд 120 цагаач байжээ. Мөн тэрбээр, амиа алдсан хүмүүсийн тоо цаашид нэмэгдэж болзошгүйг анхааруулсан байна.


НҮБ-ын дэмждэг, Ерөнхий сайд Файез аль-Серра тэргүүтэй Засгийн газар уг агаарын цохилтод Ливийн Үндэсний армийг буруутгасан байна. Засгийн газрын мэдэгдэлд уг халдлагыг “урьдчилан сайтар төлөвлөсөн” байсныг онцлон тэмдэглээд, “жигшүүрт” гэмт хэрэг хэмээн тодорхойлжээ. 

Холбоотой мэдээ