"Сэлэнгэ-2019" сургууль наймдугаар сард Монголд болно

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-07-02 11:36:17

МОСКВА. /TASS/. Орос-Монголын хамтарсан “Сэлэнгэ” цэргийн сургууль наймдугаар сард Монгол Улсын цэргийн хээрийн сургуулийн Мөнх-Хэт талбайд болно гэж ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн /ДЦТ/ хэвлэлийн албаны дарга, хурандаа Александр Гордеев уг сургуулийг төлөвлөх зөвлөгөөний дараа мэдээлэв.


"Улаанбаатар хотод болсон гурав дахь зөвлөгөөний үеэр ОХУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгч, ДЦТ-ийн төлөөлөгчид болон Монгол Улсын Батлан хамгаалах яамны төлөөлөгчид “Сэлэнгэ 2019” жил тутмын хамтарсан сургуулийг төлөвлөж дууслаа. “Сэлэнгэ 2019” олон улсын сургуулийг наймдугаар сарын 15-наас 24-ны хооронд Монгол Улсын цэргийн хээрийн сургуулийн Мөнх-Хэт талбайд хийнэ. Төлөвлөгөөт бага хурлын явцад хамтарсан сургуулийн тактикийн хувилбаруудын төлөвлөгөө, цэргийн хамтарсан анги нэгтгэлийн бие бүрэлдэхүүн, ДЦТ-ийн анги нэгтгэлийг ОХУ-ын улсын хилээр нэвтрүүлэх журам, соёл, чөлөөт цаг, спортын арга хэмжээ зохион байгуулах төлөвлөгөөг баталлаа” гэж А.Гордеев мэдээлсэн байна.


Энэ жилийн хамтарсан сургуульд ДЦТ-оос мото буудлага, танкийн анги нэгтгэл, мина харвуулын суман, мөн зэрэг галлагч тийрэлтэт системийн анги нэгтгэл, өөрөө явагч их бууны, цацраг туяа, хими, биологийн хамгаалалтын, тагнуулын болон эмнэлгийн тусламжийн анги нэгтгэл, түүнчлэн Ми-24, Ми-8АМТШ нисдэг тэргүүд оролцоно. Хамтарсан сургуульд хоёр талаас 1000 гаруй цэрэг оролцуулахаар төлөвлөжээ.


“Сэлэнгэ” цэргийн сургуулилтыг 2008 оноос хойш жил бүр хийж байгаа билээ. 2011 он хүртэл уг сургуулийг “Дархан” нэрийн дор хийдэг байв. Өнгөрсөн жилийн хамтарсан сургууль ОХУ-ын Буриад улсын цэргийн хээрийн сургуулийн "Бурдуны" талбайд болсон бөгөөд хоёр талаас 1000 гаруй цэрэг, 200 нэгж цэргийн техник оролцсон байна.


Холбоотой мэдээ