Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-07-02 13:27:08

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг 2019  онд  өрхийн болон жижиг, дунд үйлдвэр, бизнес эрхлэгчдийг дэмжих зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд “Үйлдвэрлэгч-Ховд” хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байна.

Тус хөтөлбөртэй холбогдуулан төсөл сонгон шалгаруулах журам гаргаж, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 68 дугаар тогтоолоор батлуулсан байна.

Энэ журмын хэрэгжилтийг хангах зорилгоор Ховд аймгийн ЗДТГ-аас жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж байгаа юм.

Төсөл хүлээн авах хугацаа энэ оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 08:00 цагт эхэлсэн бөгөөд 07 дугаар сарын 08-ны өдрийн 12:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Төсөл сонгон шалгаруулалтад тавигдах шаардлагыг танилцуулбал, төсөл хэрэгжүүлэгч нь тухайн үйл ажиллагааг гурваас доошгүй жил эрхэлсэн, тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргаж, хэрэглэгчдэд танигдсан байх гэнэ.  

Энэ удаа шалгарсан төсөлд 3 жилийн хугацаатай зээл олгох юм. Зээлийн нийт төсөвт өртгийн 30 хүртэл хувийг төсөл хэрэгжүүлэгч гаргана. Эхний жилд хөнгөлөлт эдлэх боломжийг гэрээнд тусгаж болно гэж заасан байна.

Иргэдийн төслийг Ховд аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, мэргэжилтэн Б.Гантулга хүлээн авч байна.  99049018 утсаар холбоо барина уу.

Төслийн материалыг битүүмжлэн ирүүлэх ба иргэн, аж ахуйн нэгжийн нэр, регистерийн дугаар, хүссэн зээлийн дүнг дугтуйны гадна талд бичсэн байхыг анхаарууллаа. 

Холбоотой мэдээ