Лимбэний битүү амьсгааны шавь сургалтын танхим байгууллаа

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-07-01 13:12:24

Ховд /МОНЦАМЭ/. “Монгол уртын дуу лимбэдэх уламжлалт арга битүү амьсгааг өвлүүлэн уламжлуулах, тогтворжуулах нь”  төслийн хүрээнд  Ховд аймагт лимбэний битүү амьсгааны шавь сургалт зохион байгуулна.

Үүнтэй холбогдуулан аймгийн БСУГ-т Лимбэний битүү амьсгааны шавь сургалтын танхим байгуулж, нээлт хийлээ. Энэ танхимаар дамжуулан лимбэ хөгжмийг олон нийтэд сурталчлах бөгөөд  4 иргэнд битүү амьсгаагаар лимбэдэх  арга барил, ур чадварыг гурван жилийн хугацаанд эзэмшүүлэх юм.

Монгол үндэсний хөгжмийн зэмсгийн нэг бол лимбэ юм. Монголчууд лимбэ хөгжмийг олон зууны турш өвлөн хөгжүүлэхдээ битүү амьсгаагаар хөгжимдөх өвөрмөц, давтагдашгүй арга барилыг бий болгосон байна.

Лимбэний битүү амьсгаа гэдэг нь лимбэдэж байх үедээ хамраараа амьсгал авч, удаан хугацаанд тоглох, улмаар хацрын хөдөлгөөн оролцуулахгүй, хэлний уран хөдөлгөөнөөр амьсгаагаа хооронд нь холбодог аж.

Хамгийн урт битүү амьсгаа нь найман минут болдог. Сонирхолтой нь энэ чадварыг эзэмшсэн хүн тун цөөхөн байгаа бөгөөд 2011 онд ЮНЕСКО-гоос “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өв"-ийн дэлхийн жагсаалтад бүртгэн тунхагласан байдаг.  

Иймд БСШУСЯ-ны харьяа Соёлын өвийн үндэсний төв, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, “Монголын лимбэчдийн холбоо” ТББ хамтран  “Монгол уртын дуу  лимбэдэх уламжлалт арга битүү амьсгааг өвлүүлэн уламжлуулах, тогтворжуулах нь” төслийг  ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр 2019-2021 онд  хэрэгжүүлж байгаа юм.

Энэ төслийн баг Ховд аймгийн БСУГ-тай хамтран "Лимбэний битүү амьсгааны шавь сургалт"-ыг 3 жилийн хугацаанд зохион байгуулах гэж байгаагаараа онцлог аж.



 


Холбоотой мэдээ