Эх, нярайн яаралтай тусламжийн зайн оношилгоо хийх боломж бүрджээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-07-01 13:00:19

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн БОЭТ-ийн Амаржих газрын Төрөх тасгийн эрчимт эмчилгээний өрөөнд эх, нярайн яаралтай тусламжийн зайн оношилгооны  тоног төхөөрөмж суурилуулж, туршилтын холболт хийлээ.

НҮБ-ын Хүн амын сан, Люксенбургийн Засгийн газар, Монгол Улсын ЭМЯ хамтран “Эх, нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зайн оношилгооны дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн гуравдугаар үе шатыг орон нутагт амжилттай хэрэгжүүлж байна.

Тус төслийн хүрээнд Ховд аймгийн БОЭТ-ийн Амаржих газрын Төрөх тасгийн эрчимт эмчилгээний өрөөнд яаралтай тусламжийн зайн оношлогооны тоног төхөөрөмж суурилуулсан ба ЭХЭМҮТ-ийн эрчимт эмчилгээний өрөөтэй шууд холбогдож, хамтран ажиллаж эхэллээ.

Ховд аймгийн Эрүүл мэндийн салбарынхан энэ онд “Инээмсэглэл, эерэг хандлага-Эх хүүхэд бидний ирээдүй” уриа дэвшүүлэн ажиллаж байна. Учир нь сүүлийн жилүүдэд тус аймагт эх, хүүхдийн эндэгдэл аймаг, улсын дунджаас харьцангуй дээгүүр байгаа юм.

Тиймээс эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, хамгаалах, өвчлөл, эндэгдлийг бууруулах чиглэлд гол анхаарал хандуулан нэлээд ажил хийж байна. Үүний нэг бол ийнхүү орон нутагтаа эх, нярайн яаралтай тусламжийн зайн оношилгоог  цаг алдалгүй хийх боломж бүрдүүлсэн явдал юм.  

Ховд аймгийн БОЭТ-ийн Амаржих газрын Төрөх тасгийн эмчилгээний өрөө нь сүүлийн үеийн дэвшилтэт технологийн зайн оношлогооны төхөөрөмжтэй болсноор цаашид  орон нутагт  эх, нярайн биеийн байдал хүндэрсэн тохиолдолд заавал Улаанбаатар хотыг зорих шаардлагагүй,  тус тоног төхөөрөмжийн тусламжтайгаар хоногийн 24 цагийн аль ч үед ЭХЭМҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн гурав дахь шатлалын зөвлөх эмч нартай холбогдож оношилгоо, эмчилгээний зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой боллоо.

Зайн оношилгоог эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үйл ажиллагаанд нэвтрүүлэх нь эх, нярайн өвчлөл, эндэгдлийг бууруулахад чухал ач холбогдолтой  гэж  эмч мэргэжилтнүүд онцоллоо.






Холбоотой мэдээ