С. Сүхбат: Бэрхийнхний нутгаа гэсэн чин сэтгэл хөгжлийн гол тулгуур

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-07-02 23:34:50

Хэнтий /МОНЦАМЭ/ Сүүлийн жилүүдэд үйл ажиллагаа нь улам бүр идэвхжиж, бусдыгаа хошуучлан, Хэнтий аймгийн шилдэг Нутгийн зөвлөлүүдийн тэргүүн эгнээнд зүй ёсоор багтах болсон их айл бол Бэрх хотын Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл юм.  2018 оны "Хаан шонхор"-ын эзэн, Шилдэг нутгийн зөвлөлийн дарга Сүхбаатарын Сүхбаттай ярилцлаа.     


-Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Нутгийн зон олондоо мэндчилгээ дэвшүүлнэ үү?

-Баярлалаа. Та бүхэнд болон Хэнтий нутгийнхандаа энэ өдрийн мэндийг сайн сайхны ерөөлийн хамт дэвшүүлье.

-Та өөрийгөө болон мэргэжил туршлагынхаа талаар товч танилцуулахгүй юу? Мөн шинэ ажлын байран дээр очоод хагас жил гаруй болж байгаа. Зав зай багасч байна уу?

-Би уурхайг даган сүндэрлэсэн Бэрх хотод төрж, өссөн айлын гурван хүүгийн дундах нь. Миний аав, ээж хоёр хуучнаар Идэрмэг сумын хүмүүс. Аавыг маань Төмөрийн Сүхбаатар гэдэг. Бэрхийн 39-р баазын жолооч гэдгээр нь нутгийнхан маань андахгүй байхаа. Одоо ч тээврийн жолоочоо хийж яваа хүн. Харин ээжийг Базарын Гэрэлтуяа гэдэг. Ерөнхий боловсролын сургуульд физик-химийн лаборантаар ажиллаж байгаад 2000 оноос хойш Налайх дүүргийн Татварын хэлтсийн байцаагчаар ажиллаж байсан хүн. Миний хувьд арван жилийн бүрэн дунд сургуулиа төгсөөд ШУТИС-д элсэн орсон.  Тухайн үеийн геологи, газрын тосны сургуулийг стратегийн үнэтэй баялаг болсон газрын доорх ус /гидрогеологийн шинжлэх ухаан/-ны мэргэжлээр геологийн бакалаврын зэрэг хамгаалсан. Дараа нь уул уурхайн сургуулийг ашигт малтмалын баяжуулалтын технологич мэргэжлээр техникийн ухааны магистрын зэрэг, Удирдлагын академийн Төрийн алба, удирдлагын сургуулийг Төрийн захиргааны менежментээр төгсч, Монгол Улсын эрдмийн их сургуульд эрхзүйн магистрын зэрэг хамгаалсан. Их сургуулийн бакалаврын зэргээ хамгаалаад хоёрхон сарын дараа төрийн албанд орж ажилласан түүхтэй. Одоо үетэй харьцуулахад их сургуулийн нэг ангийн таван найз төрийн албанд орж ажиллах цөөхөн, ховорхон тохиолдол байх.

-Төрийн албаны босго ч амаргүй шүү?

-Мэдээж шууд очоод төрийн албан хаагч болоогүй нь лавтай. Бид 20 орчим хоног хоолтой, хоолгүй, өдөр, шөнөгүй үүдийг нь сахидаг байсан. Тэгээд дотор нь орж хүмүүстэй нь уулзана. Мэдээж үгүй гэж хэлэх нь тодорхой шүү дээ, олон шалтгаан хэлнэ, та хэд дөнгөж сургууль төгссөн хүүхдүүд гээд л. Ер нь бол биднийг манай багш нар чиглүүлж өгч байсан. Бид ч хоорондоо энэ боломжийг л алдаж болохгүй шүү, атгах ёстой гээд бие биедээ урам зориг хайрлаж байсан.

Ингэсний эцэст тухайн үеийн агентлагийн удирдлагууд боломж олгоё, залуу хүүхдүүд байна, анхнаас нь дэмжиж тусалъя гээд бидэнд ажиллах туршилтын 2 сарын хугацаа өгсөн. Энэ хугацаанд юм сурна ч гэж юу байхав, байдгаараа л хичээлээ. 2005 оны долоодугаар сарын сүүлчээр манай ажлын хүний нөөцийн ажилтан “Бид ярилцаад та таван хүүхдийг жинхлэхээр боллоо” гээд наймдугаар сарын 1-нээс тушаал гарч, төрийн албанд анх орж байлаа. Энэ бол миний амьдралын хамгийн сайхан мөчүүдийн нэг. Түүнээс хойш 14 жил өнгөрсөн байна.

Бид Төрийн албанд шатлан өгсөх зарчмаар буюу одоогийн мөрдөгдөж байгаа Төрийн албаны хуулиар бол мерит зарчмаар ажиллаж байгаа гэж боддог. Мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга гээд. Миний хувьд одоо Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн хэлтсийн даргаар ажилладаг. Томилогдоод хагас жил болж байна. Төрийн албаны тухай хуулийн дагуу шатлан өгсөх зарчмаар хуульд заасан шалгуурыг хангаж, томилогдсон. Мэдээж төрийн ажил маш их, зогсолтгүй үргэлжилж байдаг. Шинэ ажлын байран дээр ирээд төрийн бус байгууллагын ажилд оролцох байдал яалтчгүй л багасч байна. Гэхдээ л сэтгэл нь хэвээрээ, бодож төлөвлөсөн, амласан, хийж хэрэгжүүлнэ гэсэн ажлууддаа санаа зовно. Тиймээс ажлын цагаар төрийн ажлаа, ажлын бус цагаар төрийн бус байгууллагын ажлаа аль алиныг нь амжуулаад л явна даа.

-Нутгаараа хамгийн сүүлд хэзээ очив?

-Нутгаараа амралтын өдрүүдээр сардаа 2-3 удаа очиж Нутгийн зөвлөлийн ажлаа амжуулдаг. Сүүлд албаны ажлаар  Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын айлчлалын хүрээнд яваад ирлээ. Бэрх нутагт маань хур орж, цаг дэлгэрч, зуншлага сайхан болж байна. Энэ жил уурхайн тосгон Бэрх хот үүсгэн байгуулсаны 65 жилийн ой тохиож байгаа.

-Танай нутгийн зөвлөл ямар зохион байгуулалттай ажиллаж байна вэ?

-Би Нутгийн зөвлөлийн ажлаа аваад хоёр жил болж байна. Анх удаа олон нийтийн ажил хийж үзэж байна гэж хэлж болно. 2017 оны 11 дүгээр сард хуучин Нутгийн зөвлөл Улаанбаатар хотод хуралдаад одоогийн Нутгийн зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, дарга, тэргүүлэгчээ сонгосон. Ингээд шинэ бүрэлдэхүүнээр ажлаа эхэлж, хамгийн түрүүнд Нутгийн зөвлөлөө Монгол Улсад бүртгэлтэй, тамга /тэмдэг/, гэрчилгээ, тугтай болгохоос ажлаа эхлүүлсэн. Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлд маань төр, хувийн хэвшил, бизнесийн салбарт ажиллаж байгаа олон залуусаас гадна Бэрхийн уурхайд ажиллаж байсан шилдэг инженерүүд нутгийн ах нар байдаг болохоор ажилд маань их түшигтэй. Бид үйл ажиллагаандаа нэгдмэл байх зарчмыг баримтлан ажилладаг. Тиймээс ямар ч үйл ажиллагаа зохион байгуулахад нэгдмэл байдал маань давуу тал болж байдаг даа. 

-Өнгөрсөн 2018 он Бэрхчүүдийн хувьд ололт амжилт арвинтай байлаа. 2018 оны үйл ажиллагаанаасаа онцолж яривал?

-Өнгөрсөн 2018 онд манай Нутгийн зөвлөл Хэнтий аймгийн 18 сумын болон бусад аймаг, хотуудад байдаг Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлүүдээс Шилдэг нутгийн зөвлөлөөр шалгарч “Хаан Шонхор” шагналыг хүртсэн. Бэрхийнхээ оюутан сурагчид, дүү нарын сурч боловсрох, өөрийгөө дайчлах, авъяас ур чадвараа нэмэгдүүлэх, өөрсдийгөө хөгжүүлэх үйлсэд нь тус дэм болохын төлөө нэлээд хичээж ажиллалаа.

Мөн Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын ажиллах орчин нөхцөлийг сайжруулахад зориулж 10 гаруй сая төгрөгийн хөрөнгийн асуудлыг Нутгийн зөвлөлөөсөө шийдвэрлэж, жил бүр сурлагын чанар, ахуй нөхцөл байдлыг нь судлан шинээр оюутан болж байгаа нэг оюутны сургалтын төлбөрийг дааж, уламжлалт ажил болгон хоёр жил хэрэгжүүлж байна. Тэд маань одоо сурлагын өндөр амжилттай, МУИС-д хоёулаа суралцдаг. Нутгийн зөвлөлийнхөө дэмжлэг туслалцаатайгаар улс бүсийн чанартай түүнчлэн тив, олон улсын уралдаан тэмцээнд оролцсон тамирчид ч гэсэн сайн амжилт үзүүлж байсан удаатай. Мэдээж Нутгийн зөвлөлд хөрөнгө, санхүүгийн хүндрэл маш их гардаг. Тулгамдсан асуудал гэнэтийн гардаг учраас зарим тохиолдолд тэмцээн уралдаан, урлаг соёлын наадамд нутгаа төлөөлж оролцоод амжилт үзүүлээд ирсэн хүмүүсээ дараа нь шагнаж урамшуулах ч тохиолдол бий. Ер нь олон олон амжилтын эзэд манай Бэрхэд байна. Жишээ нь Бадминтоны улс, бүсийн аваргууд, Жию жицу бөхийн Ази тивийн аварга С.Жиенхаан, мөн Жию жицу бөхийн өсвөр үеийн дэлхийн аварга О.Сугархүү, волейболын олон улсын хэмжээний мастер Т.Отгонтөгс гээд дурдаад байвал олон мундаг тамирчин байдаг.

-Бэрхчүүд нэгдмэл байдлыг эрхэмлэдэг гэдэг нь ажиглагддаг. Таны бодлоор хөгжлийнх нь гол тулгуур юу вэ?

-Бэрхчүүдийн нутгаа гэсэн чин сэтгэл л хөгжлийн гол тулгуур юм даа. Уурхайн сууринг дагаж сүндэрлэсэн Бэрх хотод төрж, сурч хүмүүжиж, өсч торнисон залууст гагцхүү залуу насны эрч хүчээр гүний уурхайн эр зориг шаардсан хүнд бэрхшээл болгоныг давж, бүтээн байгуулж ирсэн аав ээж, өвөг дээдсийн минь бахархалт түүх өөрийн чинь хэлсэн тэр бусдаас илүү нэгдмэл байх нөхцөл болдог байх. Цаашдын хөгжлийн тулгуур нь ч гэсэн ахмад үеийнхний бүтээж ирсэн түүхэн амжилт, нутгаа гэсэн бидний үеийн залуусын сэтгэл, дундаршгүй байгалийн баялагт оршин тогтнож байгаа гэж боддог.

-Өнгөрсөн онуудад хийсэн ажлуудаа харж байхад аль салбарт илүү анхаарал хандуулсан байна вэ?

-Аль нэг салбарт тухайлан түлхүү хандсан гэхээсээ илүү чухам хэзээ хаана Нутгийн зөвлөлийн дэмжлэг хэрэгтэй байна, нутгаа гэсэн иргэдийн маань дэмжлэг хүрч болохоор байна гэдэг дээр л анхаарал илүүтэй тавьсан байх. Сая би боловсрол спортын чиглэлд хамтарч ажилласан тухай, үр дүн нь амжилтаар үнэлэгдсэн тухай дурдсан. Тэгвэл энэ хугацаанд мөн соёл урлагийн арга хэмжээнүүдийг дэмжиж Улаанбаатар хотод нутгийнхаа тоглолтыг Соёлын ордны хамт олонтойгоо болон бусад хүмүүстэй хоёр ч удаа зохион байгуулсан. Мөн хөл гараа хөлдөөж, орох оронгүй явсан нэгнийг туслан дэмжиж, иргэний бичиг баримттай болгон, тахир дутуугийн групп тогтоолгож ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн. Энэ дэмжлэг ч цагаа олж,  гудманд 10 гаруй жил тэнэж, траншейнд хонож явсан хүн нутагтаа очоод мал хариулж, ах дүү нартаа өөрийнхөө хэмжээнд нэмэр болоод группийн мөнгөөрөө амьдарч явна. Хамгийн гол нь энэ хүн бидний гаргасан сэтгэлийг ойлгон ухаарч, архинаас бүрмөсөн татгалзсан нь хамгийн баярлууштай явдал байлаа.

- Бэрх хотын Нутгийн зөвлөл 2019 онд ямар зорилт тавьж ажиллаж байгаа вэ?

-2019 оны хувьд Бэрхчүүд биднийг олон олон зүйл хүлээж байгаа. Энэ онд нутаг оронд маань хамгийн их хөрөнгө оруулалт тусгагдсан. Хэдийгээр Улсын төсөвт тусгагдсан ажлууд Нутгийн зөвлөлийн ажилд хамааралгүй ч тэр болгон ач тус өгөөжөө өгсөн бодит ажил болж үлдэх ёстой байдаг. Төр засгийн шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа олон хүний дэмжлэг, шийдвэр, сэтгэлээр олдож байгаа боломж бүрийг үр дүнгээ өгсөн бүрэн дүүрэн бодит ажил болгож үлдээх ёстой.

-2019 он дундаа орсон байна. Он гарсаар юуг хийж амжуулаад байна вэ? Хэнтий аймаг аялал жуулчлалын бүс нутаг болж байгаа нь Бэрх хотод олон давуу талыг бий болгож байна даа?

-Хэнтий аймаг түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болон зарлагдсантай холбогдуулан бид Бэрхийн уурхайгаа Монголын гүний уурхайн музей, сургалт, судалгаа, аялал жуулчлалын төв болгохоор зорьж байна. Анх Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн болсныхоо дараа Бэрхийн уурхайг музей болгох санаачилгыг гаргаж, 2018 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулан ажиллуулсан байдаг. Энэ ажлын хэсэг эхний дүгнэлтээ гаргаж уурхайг гүний уурхайн музейн зориулалтаар ашиглах боломжтой гэж дүгнэсэн. Эндээс ажил эрчимжиж, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын хэсгийг УУХҮ-ийн сайдын 2019 оны тушаалаар шинээр байгуулж, ажлын хэсгийнхэн ХБНГУ-ын ижил төстэй гүний уурхайнуудыг музейн зориулалтаар ашиглаж байгаа байдалтай газар дээр нь туршлага судлаад ирсэн. Энэ ажил маань биеллээ олох бодит боломж бүрдсэнд туйлын их талархалтай байгаа. Он гарсаар гол анхаарлаа хандуулж ажиллаж байгаа томоохон ажил маань энэ байгаа. Бусад ажлууд энэ оны зорилтын дагуу хэрэгжээд явж байна. 

 

 

Холбоотой мэдээ