Эх барихын яаралтай тусламжийн ур чадвар эзэмшүүлэх сургалтын танхим байгуулав

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-06-29 21:08:56

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг дахь БОЭТ эх барихын яаралтай тусламжийн ур чадвар эзэмшүүлэх сургалтын танхимтай боллоо.

НҮБ-ын Хүн амын сангаас “Эх, нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шинэ технологийг нутагшуулах нь” төслийг орон нутагт хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд эх барих, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор Ховд аймгийн БОЭТ-д “Эх барихын яаралтай тусламж”-ийн ур чадварын сургалтын танхим байгуулсан юм.

Энэхүү сургалтын танхимын нээлтэд НҮБ-ын Хүн амын сангийн шадар суурин төлөөлөгч А.Илизагаар ахлуулсан төслийн баг, аймгийн  удирдах ажилтан, БОЭТ-ийн хамт олны төлөөлөл оролцов.

Энэ үеэр 40 орчим сая төгрөгийн санхүүжилтээр 10 гаруй төрлийн  сургалтын тоног төхөөрөмж,  хэрэглэгдэхүүн  хүлээлгэн өгсөн юм.

Ховд аймгийн БОЭТ нь ийнхүү сургалтын хэрэглэгдэхүүн бүхий танхимтай болсноор эмч, мэргэжилтнүүдийн багийн хамтын ажиллагаа сайжирна. Мөн тогтмол дадлага сургууль хийж, эмч нар ажлын байрандаа мэдлэг, ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх, харилцан туршлага судлах боломж бүрдлээ.





 

 

Холбоотой мэдээ