Ардчилсан намын сунгаанд өрсөлдөгчдийн мэтгэлцээнийг 15 сая хүн үзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-28 14:07:06

НЬЮ-ЙОРК. /NBC/. АНУ-ын 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодруулах Ардчилсан намын сунгаанд өрсөлдөгчдийн анхны мэтгэлцээнийг телевизороор 15.3 сая хүн үзжээ.


Ардчилсан намын сунгаанд өрсөлдөгчдийн анхны мэтгэлцээн хоёр үе шаттайгаар явагдаж байгаа бөгөөд Майами хотод өнгөрсөн лхагва гарагт болсон эхний шатны мэтгэлцээнд 10 хүн оролцсон юм. Харин хоёрдугаар шатны мэтгэлцээн өнгөрсөн пүрэв гарагт болжээ.


Мэтгэлцээнийг “NBC”, “MSNBC”, “Telemundo” зэрэг телевиз болон нийгмийн сүлжээгээр шууд дамжуулан үзүүлжээ. Мэтгэлцээний шууд дамжуулалтыг нийт 15.3 сая хүн үзсэнээс нийгмийн сүлжээгээр 9 сая орчим хүн үзсэн байна.


Улс төрийн мэтгэлцээнийг үзсэн хүмүүсийн тоо АНУ-д 2016 онд дээд амжилт тогтоож байсан юм. Тэр үед Ардчилсан нам болон Бүгд Найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трамп, Хиллари Клинтон нарын мэтгэлцээнийг 84 сая хүн үзэж байжээ.


Ардчилсан намын Үндэсний хороо Ардчилсан намын сунгаанд өрсөлдөгчдийн дунд телевизийн нийт 12 мэтгэлцээн явуулахаар төлөвлөсөн байна. АНУ-ын 59 дэх удаагийн ерөнхийлөгчийн сонгууль 2020 оны 11 дүгээр сарын 3-нд болох юм.

Холбоотой мэдээ