“Орда заан хошуу” ХХК “Хүнсний манлай үйлдвэрлэгч “ боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-04-01 13:30:50
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгаас анх удаа “Хүнсний манлай үйлдвэрлэгч” компани шалгарлаа. Хүнсний салбарт 2006 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй “Орда заан хошуу” ХХК талх, нарийн боов үйлдвэрлэлээрээ аймагтаа төдийгүй улсад дээгүүр үнэлэгдэж уг шагналыг хүртсэн юм.

Анх үрлэн чихэр үйлдвэрлэж дөрвөн ажилтантайгаар үйл ажиллагаа эхлүүлж байсан уг компани 2009 оноос талх, нарийн боов хийж өдгөө 20 гаруй ажилтантай болжээ. Олон жилийн уйгагүй ажилласаны үр дүнд хүнсний салбартаа тэргүүлэгч байж Монгол Улсын шилдэг татвар төлөгчөөр тодорсон уг компани “Хүнсчдийн баяр”–ын үеэр Орхон аймгийн Хүнсчдийн холбооноос мөн шагнал хүртлээ. Мөн энэ үеэр тус холбоо салбартаа тэргүүлэгч 40 гаруй хүнийг шагнаж урамшуулав.  Салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр гурав, Хүнс хөдөө аж ахуйн яамны Хүндэт жуух бичгээр 21 хүнийг шагналаа. Хүнсчдийн холбоо нь  25 байгууллагын 300 гаруй гишүүнтэй юм.

Б.Оюун-Эрдэнэ

 

 

Холбоотой мэдээ