Абдесламыг 10 хоногийн дотор Францад шилжүүлэн өгнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-04-01 11:31:48

МОСКВА. /RIA Novosti/. Францын нийслэл Парис хотод цуврал халдлага үйлдсэн хэргийн гол сэжигтэн болох Салах Абдесламыг 10 хоногийн дотор Францад шилжүүлэн өгнө гэж тус улсын Хууль зүйн сайд Жан-Жак Юрвоас мэдэгджээ.

Абдесламыг Францын талд шилжүүлэн өгөх шийдвэрийг пүрэв гарагт гаргасан бөгөөд Бельги, Францын эрх баригчид түүнийг шилжүүлэн өгөхөд цаашид авах арга хэмжээний журмыг тодорхойлж байгаа аж.

“Хэрэв онц ноцтой нөхцөл байдал үүсэхгүй бол түүнийг Францын талд шилжүүлэн өгөх үйл явц 10 хоног үргэлжилнэ” гэж Жан-Жак Юрвоас хэлжээ.

Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 13-ны орой зохион байгуулалттай гурван террорист бүлэглэл Парис болон тус хотын дагуул хот болох Сен-Денид цуврал халдлага үйлдсэн билээ. Франц, Германы хөл бөмбөгийн шигшээ багийн хооронд тэмцээн болж байсан "Стад де Франс" цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо амиа золиослогч гурван террорист халдлага үйлдсэн бол өөр нэг бүлэглэл нь Парисын зүүн хойд хэсэгт кафе, зоогийн газарт халдсан юм. Мөн өөр гурван террорист "Батаклан" концертын танхимд хүмүүсийг барьцаалсан. Цуврал халдлагын улмаас нийтдээ 130 хүн амиа алдаж, 350 гаруй хүн шархадсан байна.

Гуравдугаар сарын 18-нд Брюссель хотын цагаачид голдуу оршин суудаг Моленбек дүүрэгт тусгай ажиллагаа явуулах үеэр Парисын халдлагыг зохион байгуулсан хэрэгт сэжиглэгдэж байсан хүмүүсийн нэг болох Салах Абдесламыг баривчилжээ. Түүнтэй хамт бас нэг хүнийг баривчилсан байна. Цагдаа нар мөн гурав дахь сэжигтнийг барьж чаджээ.

Абдеслам өөрийг нь Францад шилжүүлэн өгөхийг зөвшөөрсөн гэж түүний өмгөөлөгч Седрик Муасс пүрэв гарагт мэдэгдсэн байна.

Д.Жаргал

Холбоотой мэдээ