“Экспортыг дэмжих зөвлөл”-ийн анхны хурал болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-06-26 11:08:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 37 дугаар захирамжаар байгуулсан “Экспортыг дэмжих зөвлөл”-ийн анхны хурал өчигдөр буюу энэ сарын 25-нд болов.


Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 278 дугаар тогтоолоор “Монгол экспорт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэхэд салбар хоорондын ажлыг уялдуулах нь тус зөвлөлийн гол үүрэг юм. Зөвлөлийн даргаар Гадаад харилцааны сайд, дэд даргаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд ажиллах юм.


Зөвлөлийн бүрэлдэхүүнд Сангийн яам, БОАЖЯ, ЗТХЯ, БХБЯ, МХЕГ, СХЗГ болон экспортын бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх, зохицууулах үүрэг бүхий төрийн байгууллагууд, МҮХАҮТ, Улаанбаатар хотын худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Торгоны зам сангийн төлөөлөл багтаж байна.


Анхны хурлаар Зөвлөлийн үйл ажиллагааны журам, “Монгол экспорт хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явц, Экспортын бодлогын санал, Ямааны ноолуурын үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалтын тухай, “Олон улсын худалдааны төв”-өөс хэрэгжүүлсэн “Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын замын зураглал” төслийн үр дүн болон Мах, махан бүтээгдэхүүний олон улсын форум зохион байгуулах зэргийг хэлэлцлээ.


Зөвлөлийн үйл ажиллагааны журамд зааснаар, зөвлөл тодорхой салбар хариуцсан дэд хороотой ажиллахаас гадна, улирал тутамд нэгээс доошгүй удаа хуралдаж экспорт түүний дотор уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэхэд дэмжих асуудлыг хэлэлцэж, зөвлөмж гаргаж, хэрэгжилтийг хангах юм.

Холбоотой мэдээ