Энэтхэгт Помпеогийн айлчлалыг эсэргүүцэн жагсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-06-26 10:52:01

ШИНЭ ДЕЛИ. /RIA Novosti/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеог Энэтхэгт айлчлахын өмнө тус улсын нийслэл Шинэ Дели хотод эсэргүүцлийн жагсаал болжээ.


Эсэргүүцлийн ажиллагааг Ойрхи Дорнод болон Өмнөд Азид явуулж буй Америкийн бодлогыг буруушаадаг, зүүний хэд хэд нам, хөдөлгөөнийхөн зохион байгуулжээ. Зурагт хуудсууд, дарцагт сурталчилгаа барьсан мянга орчим жагсагч Шинэ Дели хотын төв талбай болох Коннат-Плейсээс эхлэн засгийн газрын ордон, парламент болон ерөнхийлөгчийн ордон оршдог Ражпатх өргөн чөлөө хүртэл жагссан байна.


Эсэргүүцлийн ажиллагаанд оролцогсод АНУ-тай тааруу харилцаатай байгаа Ираныг дэмжсэн утгатай уриа лоозон барин хашхирцгааж байжээ. Тэдний үзэж байгаагаар, Иран улс нь Америкийн эрх баригчдын Ойрхи Дорнодын бүсэд явуулж буй түрэмгий бодлогын золиос болсон байна. Жагсагчдын зурагт хуудсууд дээр мөн “Иранаас савраа тат!”, “Ирантай дайтаж болохгүй!” гэж бичсэн байжээ. Үүнээс гадна тэд бөмбөр цохиж, зөөврийн тоглуулагчаар чанга хөгжим тавин хотын бусад иргэний анхаарлыг татахыг оролджээ.


Жагсаалыг цагдаа нар дагалдан явсан боловч хүч хэрэглэх шаардлага гараагүй байна. Жагсагчид Ражпатх өргөн чөлөөнд хүрснийхээ дараа удалгүй тарцгаажээ.


АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео албан Энэтхэгт ёсны айлчлал хийхээр мягмар гарагийн орой тус улсад хүрэлцэн очсон байна. Тэрбээр айлчлалынхаа үеэр Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди болон Гадаад хэргийн шинэ сайд Субраманиам Жайшанкартай уулзана.


Помпео Японы Осака хотод болох “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтаас хэдхэн хоногийн өмнө Энэтхэгт айлчилж байна. АНУ-ын дипломат байгууллагын тэргүүний Энэтхэгт хийж буй гурван өдрийн айлчлал нь хоёр орны удирдагчдын Осакад хийх уулзалтын бэлтгэлийг хангах зорилготой гэж Энэтхэгийн зарим хэвлэлүүдэд мэдээлжээ. 


Холбоотой мэдээ