Оршуулгын газрыг хашаажуулж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-06-22 19:59:39

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн хоёрдугаар багаас сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч Д.Амгаланбаатарын санаачилгаар тус аймгийн төвд орших оршуулгын газрыг хашаажуулах ажил эхлээд байна. 


Тэрбээр НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн дагуу “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас төлөөллийн болон хяналтын үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжих тэтгэлэгт хөтөлбөр”-т шалгарчээ. Энэ хүрээндээ “Аймгийн ИТХ-ын шийдвэр гаргах үйл ажиллагаанд зөвлөлдөх санал асуулгыг нэвтрүүлэх” буюу өөрөөр хэлбэл ИТХ шийдвэр гаргахдаа иргэдийнхээ саналыг хэрхэн сонсож, зөв шийдвэр гаргах талаар арга зүйг нэвтрүүлэх гол зорилготой төсөл хэрэгжүүлж байгаа нь энэ юм.


Төслөөр Хэрлэн сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт орших хуучин оршуулгын газрыг дахин төлөвлөх, цаашид оршуулгын үйл ажиллагааг хэрхэн зохицуулах шийдлүүдийн талаарх санал асуулгыг иргэдтэйгээ хэлэлцэн шийджээ. 

Үүний үр дүнд аймгийн ИТХ-аар төсөв хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлж, ийнхүү оршуулгын газрыг хашаажуулах ажил эхэлсэн аж. 


Чингис хот тэлэхийн хэрээр айл өрхүүд нь оршуулгын газартайгаа зэрэгцэн орших болсон. Ингэснээр эрүүл ахуй, хотын өнгө үзэмж, нийгмийн сэтгэл зүйд олон сөрөг үр дагаврыг үүсгэж байна.



Холбоотой мэдээ