Ерөнхий сайд Дорноговийн баялаг бүтээгчидтэй уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-03-31 16:10:37

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дорноговь аймгийн Сайншанд сумын ёслол хүндэтгэлийн Соёмбо цогцолборт төрийн байгууллагын албан хаагч нартай уулзаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Мөн Дорноговь аймгийн засаг дарга П.Ганхуяг аймаг орон нутгийн хөгжил дэвшил, хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл хийлээ.

Өнөөдөр 13,30 цагийн үед болсон энэ уулзалтын үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлэхдээ: “Дорноговь аймаг бол Монгол Улсын хөгжлийн төв болох ирээдүйтэй аймаг, ялангуяа сүүлийн жилүүдэд зам, орон сууц, тохижилт үйлчилгээ, аялал жуулчлал, төрийн үйлчилгээг чанаржуулах чиглэлээр ахиц дэвшил гаргаж ажилласан байна. Цаашдаа монголын хөгжил дэвшилд жишиг аймаг болж хөгжөөсэй гэж хүсэж байна” гэв.

Тэрээр Засгийн газраас хэрэгжүүлж байгаа ажлууд болох Дорноговь аймагт шинээр байгуулсан төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаа болон баялаг бүтээгчидтэй уулзаж, тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг үзэж сонирхлоо. Дорноговь аймагт шинээр байгуулагдсан төрийн үйлчилгээний нэгдсэн төвд Улсын бүртгэлийн газар, нийтлэг үйлчилгээний газар, Иргэний танхим, Сайншанд сумын 3-р багийн ажлын алба зэрэг төрийн байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ