Өвөрхангай аймагт аялал жуулчлалын дөрвөн маршрутыг тодорхойлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-06-20 15:22:27

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Түүх, соёлын өлгий нутаг Өвөрхангай аймагт амрагч, жуулчдын сонирхлыг татах үзэсгэлэнт байгаль, дурсгалт газрууд олон бий. Тиймээс аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлэх бодлого баримталж байгаа ба газар нутгийн онцлог, дэд бүтцийн харьцангуй давуу байдалдаа түшиглэн эдийн засгийнхаа чадамжийг дээшлүүлэхэд аялал жуулчлалын салбарыг аймгийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэхээр ажиллаж байгаа юм.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон жил бүрийн үндсэн чиглэлд аялал жуулчлалын салбарын хүрээг өргөжүүлэх бодлогыг тусгаж, үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Тодруулбал,


- Орхоны хөндийн аялал жуулчлалын маршрут /Байгаль, түүх, шашин мөргөлийн аяллын төрөлд хамаарна/

Чиглэл нь: Элсэн тасархай-Их, Бага Монгол уул-Ширээт цагаан нуур-Монгол орны төв хүйс-Хархорин, Эрдэнэзуу, Шанхын хийд-Хужирт сум-Үүртийн тохой-Төвхөн хийд-Улаанцутгалан- Хужирт сум

- Хүйсийн найман нуур буюу тусгай сонирхлын аяллын маршрут /Морь болон явганаар хийх аялал/

Чиглэл нь: Ширээт, Халиут, Бугат, Хаяа, Хүйс, Онон, Дөрөө, Баян-Уулын нуур

- Говийн болон баруун бүсийн сумдын аяллын маршрут /Байгаль, түүх соёл, палентлогийн аяллын төрөл/

Чиглэл нь: Арвайхээр-Мазар хотын туурь-Өөш Шахлага-Арц богдын нуруу-Зүүн богд уул-Эмч элс-Таацын цагаан нуур-Өшгөгийн их залаа-Өнц шилүүстэй-Шаргын тасархай- Шаамын рашаан-Хубилай хааны цэргийн хотын үлдэгдэл-Ширээт нуур-Арвайхээр

- Өндөр гэгээн Занабазарын түүхэн замналаар аялах маршрут /түүх, соёл, шашин мөргөлийн аялал/

Чиглэл нь: Занабазарын нэрэмжит дүрслэх урлагын музей-Элсэн тасархай-Их, Бага Монгол уул-Ширээт цагаан нуур-Монгол нутгийн хүйс цэг-Өндөр гэгээний Өвгөн суварга- Сэрүүн булаг-Есөн Зүйл сум-Сангийн далай нуур- Арвайхээр- Занабазарын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн-Бат-Өлзий сум-Улаанцутгалан-Төвхөн хийд-Баруун хүрээ- Эрдэнэзуу хийд-Хөгнө тарнийн хийд

Өвөрхангай аймаг нь говь тал хээр, хангайн бүс хосолсон байгалийн үзэсгэлэнт газар нутагтай бөгөөд үл хөдлөх дурсгал бүхий 9 газрыг улсын тусгай хамгаалалтад, 26 газрыг аймгийн тусгай хамгаалалтад авсан байна. Дээрх маршрутын дагуу 31 жуулчны бааз, 5 рашаан сувилал, 12 зочид буудал, 6 амралтын газар үйл ажиллагаа явуулж байгаа ба жилд дунджаар 50 мянган жуулчдад үйлчилгээ үзүүлдэг юм.

 

Холбоотой мэдээ