“Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээг таван суманд зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-06-19 23:37:21

Булган /МОНЦАМЭБулган аймгийн Авто тээврийн төв Цагдаагийн газартай хамтран “Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээг таван суманд зохион байгууллаа. 

Аймгийн төвөөс гадна сум дундын цагдаагийн тасаг ажилладаг Рашаант, Хишиг-Өндөр, Хутаг-Өндөр, Хангал суманд энэ арга хэмжээг зохиож, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах сургалт сурталчилгаа хийсэн байна.

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, даатгалын компани оролцсон нэгдсэн арга хэмжээний үеэр гээж үрэгдүүлсэн жолооны үнэмлэх олгох, жолоочийн торгуулийг шалгах, тээврийн хэрэгслийн оношилгоо, бүртгэл, даатгал хийх, жолооны сургалтад бүртгэх зэрэг ажлыг нэг цэгийн үйлчилгээгээр иргэдэд хүргэжээ.

Улаанбаатар-Дарханы чиглэлийн зам засварт орж, зарим хот хоорондын зорчих хөдөлгөөн тус аймгаар дайран өнгөрөх болсноор зам, тээврийн хөдөлгөөний ачаалал нэмэгдэх хандлагатай болж байгаа учир замын хөдөлгөөнд дүрмийн дагуу соёлтой оролцохыг аймгийн Замын цагдаагийн тасгаас анхааруулж байлаа.

          Урин дулааны улиралд Улаанбаатар-Дархан чиглэлийн замаар хоногт 10 мянга орчим тээврийн хэрэгсэл зорчдог гэсэн судалгаа байдаг аж. Энэ зам засварт орсноор зорчиж байсан тээврийн хэрэгслийн 30 орчим хувь Булган-Лүн чиглэлийн замаар явах урьдчилсан тооцоог замын цагдаагийнхан гаргажээ.

Холбоотой мэдээ