Бургасан ойн хортон шавжийг устгах ажил хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-06-20 11:49:29

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Утаат үүргэвчин шүршигч багаж ашиглан химийн аргаар бургасан ойн хортон шавжийг устгах 2000 га талбайн ажлын цахим тендерт “Гранд форест” ХХК шалгарч ажлаа эхэлжээ. Тус хортон шавж устгах ажилтай аймгийн Засаг дарга С.Насанбат танилцлаа. 
Бургасны хүр эрвээхэйтэй тэмцэх ажлыг БОАЖЯ-ны харьяа “Ойн судалгаа хөгжлийн төв” УТҮГ-аас улсын хөрөнгөөр хийсэн судалгаагаар 2018 онд тогтоогдсон Хонгор сумын Хүйтний гол, Бухтын даваа, Шаазгайт, Домогт, Моностой гэх газруудад механик аргаар устгах ажлыг хийсэн аж. Харин Орхон, Дархан, Шарын гол сумын Ерөө, Орхон, Хараа голын бургасан ойд үүргэвчин шүршигч багаж ашиглан химийн аргаар энэ сарын 25-ны өдрийг хүртэл хийх ажээ
Энэхүү устгал хийж байгаа нутаг дэвсгэрт зусаж байгаа малчин өрх, зөгийн аж ахуй, газар тариалан эрхлэгчдэд дээрх хугацаанд талбайд мал бэлчээхгүй байх, зөгийн бүлийг шилжүүлэх, ундны ус ашиглахгүй байх талаар анхааруулга санамж өгч ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлж ажиллах захирамжийг сумын Засаг дарга нар гаргаж гүйцэтгэлийг хангуулан ажиллаж байгаа аж. 
“Гранд форест” ХХК нь таван хүний бүрэлдэхүүнтэйгээр тус ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд Орхон сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ч.Мөнх-Эрдэнэ, Хонгор сумын байгаль хамгаалагч Д.Наранхүү, Орхон сумын байгаль хамгаалагч Н.Ган-Эрдэнэ, Моностой ойн нөхөрлөлийн ахлагч доктор Г.Цэдэндаш хөндлөнгийн хяналт тавьж байна.

Ногоон бүсийн ойн сангийн тулгамдсан асуудлын нэг бол ойн хөнөөлт шавж юм. Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр ойн сангаа хамгаалах үйл ажиллагааг үе шаттайгаар манай аймаг хийсээр ирсэн. 

Холбоотой мэдээ