Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангахад анхаарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-06-19 17:02:27

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөл /ХБХЭХОТБСЗ/ хуралдаж, хамтын хүчээр хийх ажил үйлчилгээнийхээ талаар хэлэлцсэн байна.

Баянхонгор аймаг дахь ХБХЭХОТБСЗ нь цаашдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах тал дээр тодорхой анхаарч ажиллах зорилт тавиад байгаа бөгөөд мөн хүрээндээ хийх ажлуудаа төлөвлөжээ. Мөн хурлаар, ирэх долдугаар сарын 1, 2, 3-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Ази номхон далайн орнуудын бүсийн 4 дүгээр конференцид Баянхонгор аймгаас оролцох таван төлөөлөгчийг сонгон баталсан байна.

Тус зөвлөлийг аймгийн Засаг дарга тэргүүлдэг бөгөөд холбогдох албаны 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өнгөрсөн оны үйл ажиллагаагаараа 21 аймаг, 9 дүүргээс улсдаа тэргүүлсэн амжилт гаргажээ. Салбар зөвлөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчин бий болгох талаар олон ажил арга хэмжээг өнгөрөгч онд хийж хэрэгжүүлсэн ба төлөвлөсөн ажлаа 100 хувь биелүүлсэн аж.

Тухайлбал, сонсголын бэрхшээлтэй иргэдийг дэмжих зорилгоор 45 хүнийг хамруулсан "Сэтгэлийн сонсголон" хөтөлбөр хэрэгжүүлсэн бол Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын хурлыг тусгайлан явуулах шинэ өрөө байрыг тохижуулжээ. Мөн хэл ярианы бэрхшээлтэй иргэдэд зориулж дохионы багш шинээр бэлтгэсэн бол УИХ-ын дарга Г.Занданшатарын дэмжлэгтэйгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйл ажиллагаа, хөгжил оролцоог дэмжих шинэхэн ордон байгуулахаар зардлыг улсын төсөвт суулгаж өгсөн. Тус ордны шавыг өчигдөр нийгмийн даатгалын урд талд буюу хуучнаар Тэгш дүүрэн төвийн талбайд тавьж барилгын ажлыг эхлүүлэхээр бэлтгэж байна. 

Холбоотой мэдээ