Өгий нуурын ойролцоо малчин айлд хонож монгол ахуйтай танилцаж болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-06-19 16:50:47

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Өгийнуур сумын нутагт Рамсар /Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай конвенц/-д бүртгэлтэй ус намгархаг газар болох Өгий нуурын эргийн урт 25.4 км, нийт талбайн хэмжээ 3.189 га. Өгий нуурыг зорин очсоноор усны polite.paint.afforded 47градус 28мин 25сек N, 101градус 27мин 44сек E 3үгт хаягжилтаар Орхон чулуут голын сав газрын харьяа Өгий нуурын мэдээлэл сургалтын төвөөр орж 203 зүйлийн шувуу, 14 зүйлийн загас, 266 зүйлийн ургамлыг үзэж сонирхож болохоос гадна мэдээллийн төвийг түшиглэн судалгаа шинжилгээний ажил хийх боломжтой.

Мөн аялагчдад үйлчлэх 5 жуулчны бааз бий. Нуурын чанх урд байрлах horses.timesaving.rosewood 47градус 45 минут, 15сек N, 102 градус, 47минут 34 сек E гэх зүгт хаягжилтаар Хатан Өгий баазад саатан Өгий нуураас барьсан шинэхэн загасаар хооллож, 2 хүний усны мотоциклоор нуурын усан дээгүүр салхи татуулан аялж болно. “Хатан өгий” баазын утас 99184647, 99112952. Мөн нуурын ойролцоо 20 гаруй малчин өрх дотоод, гадаадын жуулчдыг хүлээн авч, монгол ахуйг танилцуулан сурталчилж байна.


Хөшөө цайдмын баазад ирснээр Орхоны хөндийн бяцхан 99 баатрын аялалд оролцоно


Архангай аймгийн Хашаат сумын нутаг, Орхон голын үржил шимт хөндий, Цайдам нуурын баруун биед орших Хөшөө цайдам хэмээх газарт одоогоос мянга гаруй жилийн тэртээ Монголоос Хар тэнгисийг хүртэлх уудам их нутгийг эзэгнэн, Орхон голоор төвлөрсөн хүчирхэг хаант улсыг байгуулсан түрэг угсаатны нэн хүчирхэг мандан бадралын цагт улс орноо мэргэн ухаанаар удирдан захирч явсан Билгэ хаан, түүний төрсөн дүү, цуут жанжин Культегин нарын гэрэлт хөшөө бүхий тахилын онгонуудыг үзэх боломжтой.

Энэхүү түүхийн гайхамшгийг үзэж сонирхохын зэрэгцээ “Цайдам” жуулчны баазаар саатан “Орхоны хөндийн бяцхан 99 баатрын аялал”, “Орхоны хөндийн адуучдын баяр”-т оролцох боломжтой. “99 Баатрын аялал” нь жил бүрийн 8 дугаар сарын 5-нд, адуучдын баяр нь 8 дугаар сарын 7-нд болдог. Цайдам” жуулчны бааз нь Хархорины Эрдэнэзуу хийдийн яг баруун талаар чанх хойшоо салсан туркуудын барьсан засмал замаар 43 км яваад Хөшөө цайдмын музей орох замд байрлана. Хөшөө цайдмын музейгээс 2 км зайд байрлах бөгөөд гурван үгт хаягжилтын revenue.strap.padding 47°32'14''N, 102°50'30"E хаягаар очих буюу 99236888 дугаараар холбогдож болно.


Цэнхэрийн халуун рашаанд очвол дэлхийд цор ганц “Шанаган хуур”-ын аязаар эхлэх Ардын урлагийн цогц хөтөлбөрийг үзнэ


Цэнхэр сумын нутагт далайн түвшнээс дээш 1860 метр өндөрт өргөгдсөн хувирмал хөх занар дотроос тав зургаан 65–90 градусын халуун булаг оргилон урсдаг бөгөөд Монголдоо халуунаараа 2 дугаарт ордог. Энэ рашаанд хүхэрт устөрөгч, цахиурын нэгдэл агуулагдаж, хуян, мэдрэлийн судас үрэвсэх, булчингийн өвчин, үе мөчний өвчин, зөөлөн эдийн гэмтэл, цус багадалт, архаг арьсны өвчин, ил шарх, чихрийн шижин зэрэг өвчнийг анагаадаг.

Цэнхэрийн халуун усны дэргэд “Дуут резорт” жуулчны баазад тухлан саатаж, аймгийн Хөгжимт драмын театрын уран сайханчдын дэлхийд цор ганц “Шанаган хуур”-ын аязаар эхлэх Ардын урлагийн цогц хөтөлбөрийг сонирхон, халуун рашаанд амарч алжаалаа тайлах боломжтой.  Жуулчны бааз руу Devoted.vibrantly.pool 4719’11’’ N, 10139’30’’E гэсэн 3 үгт хаягжилтаар очих буюу 99112499 дугаараар холбогдож болно.


Нутгийн брэнд бүтээгдэхүүнүүдийг “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвөөс аваарай



Архангай аймгийн төв Цэцэрлэг хот нь Улаанбаатараас баруун зүгт 480 км байдаг. Та Цэцэрлэг хотод саатвал дэлхийд цор ганц зул өргөж залбирдаг Булган уулнаа сүсэглэж, уулыг энгэрлэн байх бурхдад залбирч, Булган уулыг тойрон байх 9 рашаануудаас хүртэх боломжтой. Мөн 1696 онд байгуулж байсан 300 гаруй жилийн түүхтэй Монгол Улсын 5 сүм музейн нэг болох Заяын музейгээр орж ховор нандин үзмэрүүдээр нүдээ баясган, түүхээр аялж, Монгол Улсын анхны маршал Г.Дэмид жанжны гэрэлт талбайгаар алхан, зургаа татуулж, нутгийн брэнд бүтээгдэхүүнүүдийг “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвөөс аваарай.


Тайхар чулууны дэргэд морь, сарлаг унах боломжтой




Гурван Тамирын нутаг, Хойд Тамирын голын урд хөвөөнд тэгш газар ухаа цайвар боржингоос тогтсон 16 метр өндөр цохиог Тайхар чулуу гэх бөгөөд нэн эртнээс эхлэн өнөөг хүртэлх хүний ул мөр, соёл иргэншлийн хөшөө дурсгал бичээсээр элбэг буурал түүхийн үнэт архив юм. Домогт Тайхар чулуунд олон хэлийн Согд, Кидан, Уйгар, Нанхиад, Төвд, Тод монгол, Ланз бичгээр хар бэх, улаан зос, шунхаар бичсэн 151 бичээс эрт дээр үеийнхний соёлын дурсгал болон хадгалагдаж байгаагаараа Монголын түүхийн чулуун архив болж байна. Энэ орчимд 3 жуулчны бааз, 10 гаруй малчин айл гадаад, дотоодын аялагч жуулчдыг хүлээн авч үйлчилдэг. Тайхар чулууны ойролцоох баазуудад саатсанаар сарлаг, морь унаж, нутгийн цагаан идээ болох сүүн хурууд, ээзгий, цөрөм зэргийг малчны гар дээрээс авахаас гадна нум сум харваж цэц мэргэнээ сорьж болох юм.


Тэрхийн цагаан нуурын баазуудад амарснаар зуны өглөөний сэрүүн тунгалаг агаарыг мэдэрнэ

Хангайн нурууны төв хэсэгт орших цэвэр тунгалаг устай үзэсгэлэнт Тэрхийн Цагаан нуур орчмын сэтгэл татам байгаль, Суман голын хөндий, уулархаг ландшафт, Хоргын тогоо, галт уулын лавын чулуулаг зэрэг сонин тогтоц бүхий нутгаараа алдартай. Тэрхийн цагаан нуур нь галт уулын лав голын хөндийг боосноос үүссэн гэж үздэг бөгөөд энэхүү нуур нь 16х6км урт өргөнтэй, 99.0 ам.км талбайтай, далайн түвшнээс 2060м өндөрт өргөгджээ. Хойд, урд Тэрхийн гол нийлж Тэрхийн цагаан нуурт цутгахын зэрэгцээ Сорт, Хар Чулуут, Элс, Өлт, Шанаат, Нарийны гол гэх мэт олон гол нуурт цутгана.

Нуурын болон Хоргын тогоо орчинд долоон жуулчны бааз бий. Баазуудад амарснаар нуурын мандал дээгүүр завьтай явах, "Хорго" жуулчны баазаас галт уулын дэлбэрэлтээс үүссэн хүрмэн чулуугаар хийсэн хөлийн үрүүрийг худалдан авах боломжтой.

Холбоотой мэдээ