“Эрдэнэс Монгол” ХХК-д хийсэн үнэлгээг олон нийтэд танилцуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Байгалийн
баялгийн засаглалын хүрээлэн”-гээс төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-д хийсэн
үнэлгээг өнөөдөр олон нийтэд танилцууллаа. Тус хүрээлэн нь уул уурхайн олборлох салбарын засаглалыг
сайжруулах замаар тухайн улсын иргэдийн хүртэх үр өгөөжийг дээшлүүлэх зорилго
бүхий олон улсын, ашгийн бус байгууллага юм.
Тус хүрээлэнгийн зохицуулагч менежер Н.Дорждарь, дээрх үнэлгээг хоёр жилийн хугацаанд хийсэн хөндлөнгийн тайлан гэдгийг тодотгоод, “Компанийн хувьд нийгэмд хүртэх ногдол ашгаар аваад үзэхэд ашгийн хэдэн хувийг хуваарилах ёстой, хэдийг нь эргүүлэн өөрийн компанид хөрөнгө оруулахад зарцуулах боломжтой гэдгийг зохицуулаагүй байна. Тус компанийн үйл ажиллагаа Засгийн газрын юм уу эсвэл улстөрийн хүчин зүйлээс хамаараад байдал янз бүр болох магадлал бүхий эрсдэлтэй байна. Тиймээс үйл ажиллагааг хууль тогтоомжоор илүү нарийвчлан зохион байгуулж өгвөл зүгээр байна” гэсэн дүгнэлтээ танилцуулав. Эрх зүйн хувьд, Компанийн засаглалын болон Компанийн тухай хуулиудыг дурдаж, хууль хэрэгжихэд хүртэл хоороноо зөрчилтэй байгааг дурдав.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийг 2008 онд байгуулснаас хойш зөвхөн сүүлийн гурван жилд ашигтай ажилласан
байна. Тодруулбал, 2016-2018 онд нийт 41 тэрбум төгрөг (16.3 сая ам.доллар)-ийн
ашигтай ажилласан. Гэвч 2017 оны эцсийн байдлаар 877 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байжээ.
“Компанийн засаглал “Эрдэнэс Монгол” ХХК-ийн үйл ажиллагааны хэдэн хувьд одоогоор нөлөөлж байна?” гэсэн асуултад “Энэ тухай шууд тооцоо одоогоор байхгүй байна. Нийт улс орны эдийн засгийн тухайд авч үзэхэд, сайн засаглалтай компаниуд эргээд өгөөжөө өгдөг” гэсэн юм. Тэрээр, “Хэдийгээр толгой компанийн хувьд сүүлийн 2-3 жил ашигтай гарсан ч ашгийн эх үүсвэр нь цөөн хэдэн төслийнх байна. Энд ашгийг охин компани хүртэх эрхтэй эсэх, хөрөнгө оруулалтаа өөрөө нэмэгдүүлээд явах уу, эсвэл толгой компани хүртэж хуваарилах уу гэдгийг зохицуулах дүрэм журам байхгүйгээс зөрчил үүсэж байна” гэдгийг тодотгосон юм.
Үнэлгээний талаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү хэлэхдээ, “Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн нь хөндлөнгийн байгууллага бөгөөд манай компанийн нээлттэй мэдээлэл дээр үндэслэн тайлан үнэлгээг ийнхүү олон нийтэд ил тод гаргаж мэдээлж буй нь чухал юм” гэдгийг онцлоод, “Бид мэдээлэл гаргаж өгөх дээр тус хүрээлэнтэй хамтарч ажилласан. Үнэлгээтэй санал нийлэх ч юм байна, нийлэхгүй нь ч байна. Жишээ нь, манай компани 2017 оны эцсийн байдлаар 877 тэрбум төгрөгийн өр төлбөр хуримтлуулсан гэдэг тоо нэлээд хэдэн жилийн өмнөх Багануур”, “Шивээ Овоо” зэрэг уурхайн өр авлагыг оролцуулаад өндөр гарсан байна.
Манай компаниас үнэлгээтэй холбоотойгоор, цаашид олон нийтэд
нээлттэй ил тод байхад илүү анхаарч ажиллана” гэж тодотгож байв. "Эрдэнэс Монгол" өөрийн
эзэмшил хөрөнгийг 2017 оны жилийн эцсийн байдлаар 9.36 их наяд төгрөг (3.9
тэрбум ам.доллар) орчим гэж үнэлснээс 82.5 хувь нь Тавантолгойн нүүрсний уурхай
дахь компанийн эзэмшилд ногдож байна.
Өнөөдрийн танилцуулсан
тайлан үнэлгээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор
төр, засгаас хийх шинэчлэлүүдийг охин компаниудад хяналтыг сайжруулах, төсөл
тус бүрээр зах зээлийн үнэлгээ хийлгэж, ТУЗ болон дээд түвшний удирдлагын
менежерүүдийн томилгооны шалгуурыг тодотгож, ил тод байдлыг нэмэгдүүлэхийг зөвлөсөн юм.
Б.Болд
Гэрэл зургийг Н.Батбаяр