Баянхангай чиглэлийн 20 гаруй км авто замд үерийн улмаас эвдрэл үүсчээ

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2019-06-18 14:58:57

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Онцгой комисс Баянхангай, Лүн суманд аадар бороо орсны улмаас эвдэрсэн авто замын нөхцөл байдалтай газар дээр нь танилцжээ.

Үерийн улмаас Улаанбаатар –Арвайхээр чиглэлийн улсын чанартай авто замын 97 дахь км-ээс 117 дахь км хүртэл авто замын хөвөө эвдрэн, 117 дахь км орчим авто замын далан сэтэрч тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэвтрэх боломжгүй болжээ. Баянхангай сумын төв чиглэлийн орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын 1 цэгт 20 км орчим замын далан эвдэрчээ.

Аргалант сумын төвийн урд талын жалгаар их хэмжээний үерийн ус урсаж нэг жижиг гүүр, нэг явган хүний гүүр эвдэрч, сумын төврүү ордог жижиг төмөр бетон гүүрийн тулгуур суурь унасан байна.

Эвдэрсэн авто замыг сэргээн засварлахад тодорхой хугацаа орох учир Баянхангай чиглэлийн авто замаар түр зам гарган баруун чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зорчуулах нь зүйтэй гэж ЗТХТ-ийн дарга Р.Буд үүрэг чиглэл өгсөн байна.

Тэрээр Аргалант сумын төвийн гүүрийн эвдрэл болон Баянхангай сумын авто замын эвдрэлийн байдалтай газар дээр нь танилцан акт гаргуулж, цаашид авах арга хэмжээг тодорхойлон ажиллаж байна.

Холбоотой мэдээ