Үлийн цагаан огтонотой тэмцэх ажил хийж байна

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2019-06-18 15:20:20

Булган /МОНЦАМЭБулган аймгийн Рашаант, Дашинчилэн, Гурванбулаг, Могод, Хишиг-Өндөр, Сайхан сумын бэлчээрийн 40.8 мянган га талбайд байгаль орчинд халгүй аргаар хортон мэрэгчидтэй тэмцэх ажлыг зохион байгуулж байна.

Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн мал үржлийн алба үлийн цагаан оготнотой тэмцэх ажлын гэрээг тухайн сумын Засаг дарга нартай байгуулж, Ургамал хамгаалал эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран Дашинчилэн сумын Лах багт бэлчээрийн мэрэгчтэй тэмцэх ажлыг хийх сумын малчид, ажлын хэсгийн гишүүдэд зориулсан сургалтыг зохион байгуулж 60 гаруй хүнийг оролцуулжээ.

Ургамал хамгаалал эрдэм шинжилгээний хүрээлэнгийн мэрэгч судлаач, эрдэм шинжилгээний ажилтан, доктор Д.Цэвээндорж, Б.Энхбаяр нар бэлчээрийн хөнөөлт мэрэгчидтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар үзүүлэх сургууль хийсэн байна.

- Дашинчилэн сумын малчид энгийн, механик, биологийн аргаар хөдөөгийн 3 багийн нутгийн нийт 8800 га талбайд үлийн цагаан огтоно устгах ажил хийж, төлөвлөсөн арга хэмжээг бүрэн хэрэгжүүлсэн. Бэлчээр хамгаалах ажилд 36 өрхийн малчид, 8 автомашин ажиллалаа гэж тус сумын Засаг даргын орлогч С.Мэнд-Амар ярилаа.

Холбоотой мэдээ