Үндсэн хуулийн өөрчлөлтөд санал авах "Иргэдээ сонсъё" аян энэ сарын 18-нд эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-06-17 17:50:27
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулах, иргэдийн санал авах “Иргэдээ сонсъё” аян энэ сарын 18-нд эхэлнэ. УИХ-ын дарга Г.Занданшатар болон тус төслийн ажлын баг энэ ажлын зохион байгуулах талаар 21 аймгийн дарга нартай өнөөдөр цахимаар хуралдав.


Цахим хурлыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар, “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын 62 гишүүн гарын үсэг зурж өргөн мэдүүлсэн. Маргааш төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. Энэхүү хуулийн өөрчлөлтөд иргэн бүрийн оролцоо, тэр дундаа аймаг, сумын ИТХ, төрийн байгууллагын идэвх чухал” хэмээв.



“Иргэдээ сонсъё” аяныг улс орон даяар аймаг бүрийн ИТХ орон нутагтаа голлон зохион байгуулах юм.

Шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш 27 жилийн хугацаанд Монгол Улсад хүний эрх, эрх чөлөө, ардчилал баталгаажин хөгжиж ирснийг УИХ-ын дарга хурлын үеэр онцлов.


Гэвч өнөөдөр нийгмийн цөөнх нь баялгийн үр өгөөжийг хүртэж, нийгмийн тэгш бус байдал бий болоод байгаа нь Үндсэн хуулийн эрхэм зорилгыг биелүүлж чадсан эсэхийг нягтлах зүй ёсны асуулт бидний өмнө тулгарч буйг тэрбээр хэлсэн. Түүнчлэл засаглалын тогтворгүй байдлын үр нөлөө нь улс орны нийгэм, эдийн засагт хэрхэн тусаж буйг жишээ, баримт дурдан санууллаа.


Тэрбээр, “Өнөөдөр тулгамдаад буй асуудал өчигдрийн шийдлээс эхтэй гэдэг. 1999 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны дараа гавьяат хуульч Б.Чимид “Үндсэн хууль бол булчин, араг ясаар нь зангидсан нэг тогтолцоо юм. Үүний нэг судсыг таслахад нийт тогтолцоондоо шархлаа үүсгэнэ” гэсэн агуулгатай үгийг хэлж байв. Үндсэн хуульд оруулсан долоон нэмэлт, өөрчлөлт нь тогтолцоондоо шархлаа үүсгээд, өнөөдөр буглаа болоод байгаа хэмээн эрдэмтэн, судлаачид дүгнэж байна. УИХ-д өргөн мэдүүлээд, хэлэлцэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэгдүгээр эрхэм зорилго бол тэрхүү долоон өөрчлөлтийн 6-г нь залруулж буй явдал. Удаад нь, төр, төрийн алба, гүйцэтгэх засаглалын тогтвортой, хариуцлагтай байдлыг бэхжүүлэх, гуравдугаарт байнгын ажиллагаатай парламентын үйл ажиллагааг сайжруулж, хариуцлагыг дээшлүүлэх, сонгодог утгаараа хууль тогтоогч байгууллага байх жишигт ойртуулах зорилготой. Мөн нутгийн удирдлагын тогтолцоог бэхжүүлж, нутгийн өөрөө удирдах ёсыг төгөлдөржүүлэх зорилго бүхий зүйл, заалтуудыг төсөлд тусгаад байна. Тухайлбал, сумдын удирдлага төдийгүй ард иргэдээс нь олноор ирүүлсэн “сумын Засаг даргыг ард иргэд шууд сонгодог болох нь зүйтэй” гэсэн саналыг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан байна. Аймгийн Засаг даргыг бол ИТХ-ын саналыг үндэслэн Ерөнхий сайд батламжилдаг байхаар, ард иргэдээс сонгогдсон сумын Засаг даргыг аймгийн Засаг дарга батламжлах зохицуулалтыг төсөлд тусгалаа. Нутгийн өөрөө удирдах ёс ард түмэнд суурилан, тухайн сум, орон нутгаа хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх ажлыг сумын Засаг дарга гүйцэтгэх бол  улс орны нэгдмэл удирдлагын тогтолцоог аймгийн Засаг дарга Ерөнхий сайдын удирдлага дор хэрэгжүүлэхээр төсөлд тусгасан. Баг, хорооны Засаг дарга нарыг томилдог байхаар төсөлд тусгасан бөгөөд нийтлэг утгаараа сумын Засаг дарга орон нутгийн эрх ашгийн төлөө ажиллах бөгөөд болохгүй бол аймгийн Засаг дарга огцруулдаг байх нь зүйтэй хэмээн холбогдох төслийг боловсруулсан. Энэ бол амьдралаас урган гарсан шийдэл” хэмээн онцолж байв.


УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, УИХ-аар төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явуулж эхлээд байгаа бөгөөд хоёр дахь шатны хэлэлцүүлгийн төгсгөлд ард нийтийн санал асуулга явуулахаар шийдвэрлэсэн тохиолдолд 10 дугаар сард зохион байгуулахаар урьдчилсан төлөвлөгөө гаргаад байгаа талаар танилцуулсан юм. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг үе үеийн парламент  долоон удаа хөндөж, холбогдох төслийг боловсруулж, ажлын баг байгуулж байсан гэлээ. 2012-2016 оны УИХ-ын 47 гишүүнийн өргөн мэдүүлсэн төсөл, өнөөгийн УИХ-ын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөл нь үзэл баримтлал, зүйл заалт, агуулгын хувьд 80-90 хувь төстэй байгааг С.Бямбацогт гишүүн онцлон дурдав.


УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын баг 2016 оноос хойш эрдэмтэн, судлаач, АИХ-ын депутат, УБХ-ын гишүүд, УИХ-ын гишүүн асан улс төрчийг өргөн бүрэлдэхүүнтэй хамруулан ажилласныг хэллээ.


Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа, 2010 онд батлагдсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу 35 хувиас илүү өөрчлөхгүй юм. Өнөөгийн хэлэлцэх хуулийн төсөл нь Үндсэн хуулийн 28.5 хувийг өөрчилж байгааг тодотгов.



Хурлын үеэр Орхон, Завхан, Сэлэнгэ, Дорноговь, Өмнөговь, Дундговь Хэнтий, Сүхбаатар аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөөс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл дэх нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй тодруулга, асуулт асууж, хариулт тайлбар авсан юм. Мөн иргэдэд төслийг танилцуулах, саналыг авах ажлын талаар тодруулж, хариулт авсан.

Холбоотой мэдээ