Иранаас эрчим хүч импортлох Иракийн онцгой эрхийг сунгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-17 11:58:01

МОСКВА. /TASS/. Хориг арга хэмжээг тойруулан Иранаас эрчим хүч импортлох зөвшөөрлийг АНУ Иракт өгсөн бөгөөд уг зөвшөөрлийн хугацааг гурван сараар сунгалаа гэж “The Daily Star” сонин мэдээлэв.


Иран улс Иракийн дулааны цахилгаан станцууд руу өдөр бүр 28 сая шоо метр хийг нийлүүлдэг байна. Түүнчлэн Ирак улс 1300 МВт-ын цахилгаан эрчим хүчийг Иранаас импортолдог аж.


Цахилгаан эрчим хүчний хомсдол их байгаагийн улмаас оршин суугчид өдөрт 20 цаг тог, цахилгаангүй байх тохиолдол цөөнгүй гардаг байна. Иракийн өмнөд бүс нутагт олон нийт эсэргүүцлээ илэрхийлэх болсон гол шалтгаан нь өнгөрсөн онд цахилгаан хангамжинд доголдол гарсантай холбоотой аж.  


Персийн буланд хямралтай байгаа энэ үед Ираны эрчим хүчийг импортлох Иракийн онцгой эрхийг 90 хоногоор сунгах асуудал нь АНУ болон Иракийн эрх баригчид хоорондын хэлэлцүүлгийг хурцатгасан юм. Гэсэн хэдий ч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Засаг захиргаа Ойрхи Дорнод дахь гол түншүүдийн нэг хэвээр байгаа Иракийн Засгийн газарт дахин буулт хийхээс өөр аргагүйд хүрсэн байна.

Холбоотой мэдээ