Тосонцэнгэлийн МСҮТ дэргэдээ мод үржүүлгийн газартай болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/. Завханы Тосонцэнгэл сумын МСҮТ-ийг энэ хичээлийн жил нийт 158 суралцагч төгсөж байна. Үүнээс нарийн бичгийн дарга, албан хэргийн ажилтан 13, гагнуурчин 15, оёмол бүтээгдэхүүний оёдолчин мэргэжлээр 10 гэхчлэн долоон мэргэжлээр суралцан төгсөж байна.
Харин энэ хичээлийн жил Тосонцэнгэл, тойргийн 9 сум, Архангай аймгийн Цахир, Хангай сум, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр, Жаргал, Галт, Цагаан уул зэрэг сумаас 12 мэргэжлээр 360 гаруй суралцагч суралцаж байна. Эдгээр суралцагчдаас дотуур байранд 86 хүүхэд үнэ төлбөргүй хамрагдаж байна.
Тус сургууль 120 суралцагчийн дотуур байртай, стандарт шаардлагад нийцсэн спорт заалтай ажээ. Дотуур байранд бүрэн хүчин чадлаар хол газраас ирж суралцаж буй хүүхдүүдийг хүлээн авсан бөгөөд суралцагчид сард 71600 төгрөгийн хоолны мөнгө авч үнэ төлбөргүй байрладаг ажээ. 24 хүртэлх насны суралцагч улиралд 210 000 төгрөгийн тэтгэлэг авч номын сан, хурлын танхим, ресторан, урлаг соёлын заал зэрэг суралцах, өөрийгөө хөгжүүлэх таатай орчинтой ажээ. Суралцагчдын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, сонгон суралцах хичээл, дугуйлан хичээллэдэг байна.
Тус сургууль хоёр жилийн өмнөөс эхлэн мод үржүүлгийн таван га, хүнсний ногооны гурван га, фермерийн
нэг га газарт сургалт үйлдвэрлэлийн үйл ажиллагааг
явуулж эхэлжээ. Түүнээс
хойш сургалтын үеэр ашигладаг мод үржүүлгийн талбай нь өдгөө 13 төрлийн мод,
бутлаг ургамал бүхий талбайтай болсон төдийгүй жил бүр гурван га газраасаа
өөрсдийн хэрэгцээний төмс, хүнсний ногоо, нарийн ногоо, жимс жимсгэнийг хураан
авдаг болжээ. Энэ жил тус сургууль дөрвөн га газарт төмс хүнсний ногоог тариалсан
тухай Тосонцэнгэл сумын МСҮТ-өөс мэдээлэв.