Голд осолдохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-06-13 16:51:54
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, энэ сарын эхний арав хоногийн байдлаар, Монгол орны ихэнх голын усын түвшин аажим буурсан ч Хэнтийн зүүн хажуугийн зарим голын усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үерийн түвшинг давжээ.


Энэ сарын  14-нд нутгийн баруун хэсгийн ихэнх нутаг, төвийн хэсгээр, 15-нд баруун, төв, говийн хэсгийн ихэнх нутгаар, 16-нд ихэнх нутгаар, 17-нд төв, зүүн болон говийн хэсгийн ихэнх нутгаар бороо орох төлөв гарчээ.


Иймд Онцгой байдлын ерөнхий газраас гол усны үерийн ослоос урьдчилан сэргийлэх дараах анхааруулгыг гаргажээ.



-Урин дулаан аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх,


-Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих,


-Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,


-Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх,


-Гэр, хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байх,


Үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр өөрийн болон гэр бүлийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалж, гол усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Холбоотой мэдээ