Э.Золбаатар: Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажилд иргэдийн оролцоо чухал

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-06-12 20:46:31

Архангай /МОНЦАМЭ/. Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Э.Золбаатартай уулзаж “Байгалиа хамгаалъя” аяны талаар ярилцлаа. 

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Цагдаагийн байгууллагаас “Байгалиа хамгаалъя” аяныг Монгол Улсын хэмжээнд энэ оны 4 дүгээр сараас эхлүүлсэн. Энэ аяны зорилго, ач холбогдлын талаар ярилцлагаа эхэлье.

-Юуны өмнө танай сайтаар дамжуулан Арын хангай нутгийн зон олон болон мөр зэрэгцэн ажиллаж байгаа хамт олондоо энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ жил Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Цагдаагийн ерөнхий газартай хамтран Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор “Байгалиа хамгаалъя” аяныг сарын хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна. Аяны хүрээнд иргэд, олон нийтэд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хүргэх, хууль сурталчлах, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажилд иргэд, олон нийт, төрийн болон төрийн бус байгууллагуудыг татан оролцуулж, хамтран ажиллах нь чухал юм.

-Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг болох хууль бусаар мод бэлтгэх, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох зэрэг хэргүүд аймгийн хэмжээнд ямар байгаа вэ?

-Манай аймгийн хувьд байгалийн үзэсгэлэнт, түүх соёлын үнэт өв соёл, дурсгалт газрууд олонтой, ховор ан амьтан ихтэй, аялал жуулчлал сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа бүс нутаг. Манай цагдаагийн газарт 2019 оны 04 дүгээр сарын 15-ны байдлаар Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг 4 бүртгэгдсэн нь урьд оны мөн үетэй харьцуулахад 3 буюу 65.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Түүнчлэн хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг 2018 онд 7 бүртгэгдэж байсан бол энэ онд одоогоор бүртгэгдээгүй байна.

Сүүлийн жилүүдэд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс хууль бусаар мод бэлтгэх, нэн ховор, ховор ан амьтан агнах, ашигт малтмал олборлох хэргүүд голчлон үйлдэгдэж, тэдгээр хэргийн тоо өсөх хандлага ажиглагдаж байна. Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг нь байгалийн нөөц, дагалдах баялаг, ан амьтныг хууль бусаар агнах, олборлох зэргийг хэлээд байгаа юм. Ихэвчлэн эдийн засгийн үр өгөөж талаасаа энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгддэг. Тиймээс Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн хор уршгийг иргэд, олон нийтэд таниулах, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн ухуулга нөлөөлөл, мэдээлэл сурталчилгааны ажлыг явуулж, гэмт хэргийн гаралтыг бууруулахын төлөө манай хамт олон ажиллаж байгаа.

-Ой хээрийн түймэр тавих гэмт хэрэг аймгийн хэмжээнд сүүлийн жилүүдэд бараг байхгүйтэй адил байх шиг байна. Ер нь энэ төрлийн гэмт хэргийн эзэн холбогдогч нь тогтоогддог уу? Ямар хариуцлага оногдуулдаг вэ?

-Ой хээрийн түймэр нь олон улсын түвшинд яригддаг, байгаль орчинд томоохон эрсдэл үүсгэдэг.  Үүсгэгч хүчин зүйлсийн хувьд аянга буух, мод хоорондоо шүргэлцэх, сансар огторгуйн биет газарт унах, хүний санаатай болон санамсаргүй үйлдэл гэх мэт олон шалтгаан бий. Манай аймгийн хувьд харьцангуй эерэг үр дүнтэй. Ой, хээрийн түймэр тавих гэмт хэрэг 2018, 2019 онд бүртгэгдээгүй. Өөрөөр хэлбэл хүний болгоомжгүй болон санаатай үйлдлийн улмаас энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдээгүй байна. 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйл Ой, хээрийн түймэр тавих, гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарч хүний бие махбодид хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон, их хэмжээний хохирол учирсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн байдаг.

-Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг иргэдэд ойлгуулж, хууль сурталчлах, мэдээ мэдээлэл хүргэх чиглэлээр ямар ажил хийж байна вэ?

-Би дээр дурдсан. Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажилд иргэд, төрийн болон төрийн бус байгууллагын үүрэг оролцоо чухал. Дан ганц хууль хяналтын байгууллага тэмцэх бус иргэн бүр мэдээлэгч байж, гарах үр дагавар, хүн бидний хийсэн буруу үйлдлээс болж дахин сэргээгдэхээргүй байгаль эх минь устаж байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Өнөөдөр бидэнд амьсгалах агаар, уух цэвэр ус, амарч зугаалах байгаль байгаа ч ирээдүй хойч үедээ үлдээх юм улам л ховордоод байгаа нь нууц биш. Амарч зугаалахдаа хүртэл хог тарих, гол усыг бохирдуулах гээд байгалиа хайрлах наад захын ухамсар иргэн бүрт байх ёстой. Гэхдээ байгаль орчноо хайрлан хамгаалах, чин сэтгэлээсээ хандан ажиллах хүсэлтэй иргэдийн эрх зүйн мэдлэгийг чадавхжуулж, бүх талаар дэмжих явдал нэн чухал байна. Манай хамт олон энэ чиглэлийн нөлөөллийн сургалт, сурталчилгаа, мэдээ мэдээллийг хүргэх чиглэлээр идэвх санаачилгатай ажиллаж байгаа. Би танд хэдэн тоо баримт дурдъя.

Бид дээрх төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор аймаг болон сумдад суурин эргүүл постод 75 удаа давхардсан тоогоор 125 алба хаагчийг, хөдөлгөөнт хяналт шалгалтаар 80 удаа давхардсан тоогоор 175 алба хаагчийг ажиллуулж, 7600 тээврийн хэрэгслийг шалгаж, санамж сэрэмжлүүлэг 6000 орчмыг тарааж ажилласан. Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн улмаас иргэд, байгууллагад учирсан хохирлын 60 хувийг төлүүлж, 6.5 сая төгрөгийн эд зүйлсийг битүүмжилж ажилласан нь урд оныхтой харьцуулахад өссөн эерэг үзүүлэлттэй байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоож, дахин гаргахгүй байх чиглэлээр төрийн байгууллага, албан тушаалтанд мэдэгдэл хүргүүлж, биелэлт үр дүнг тооцож, хариуцлагын механизмыг ч хэрэгжүүлсэн.   

-Танай байгууллагын зүгээс “Байгалиа хамгаалъя” аянаас гарах үр дүнг юу гэж харж байна?

-Орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэд, олон нийтэд урьдчилан сэргийлэх шторк, сэрэмжлүүлэг, санамж, уриалга гэх мэдээ, мэдээллийг түгээх, өөрийн байгууллагын цахим хаягаар олон нийтэд сурталчлах, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарсан хяналт шалгалт, хөдөлгөөнт болон байнгын пост зэрэг хяналт шалгалтыг сайжруулж, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах, таслан зогсоох ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байна.

Түүнчлэн аяны хүрээнд аймгийн Прокурорын газартай хамтран удирдамж, төлөвлөгөө гарган цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн дээрх төрлийн гэмт хэргүүдийг хуулийн хүрээнд шуурхай шалгаж шийдвэрлэхээр зорилт тавьсан. Мөн төрийн бус байгууллагуудын чадавхийг сайжруулж, өрсөлдөөн бий болгох замаар тодорхой төрлийн нэн ховор, ховор амьтан, ургамал хамгаалах менежментийг төрийн бус мэргэжлийн байгууллагад хариуцуулан, төлөвлөсөн ажлаас оновчтойг хэрэгжүүлэн үр дүнд хүрэх, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн гаралтыг бууруулж, урьдчилан сэргийлэх, иргэд энэ төрлийн гэмт хэргийн талаар ойлголттой болох ажилд ахиц гарна гэж үзэж байна.

-Аяны талаар тодорхой мэдээлэл өгсөнд баярлалаа. Амжилт хүсье.

Холбоотой мэдээ