ИТХ-ын ээлжит 11 дүгээр хуралдаан болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-06-12 15:40:19

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ИТХ-ын ээлжит 11 дүгээр хуралдаан зургадугаар сарын 12-нд боллоо.

Хурлаар мод тарьж ургуулсан иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгох журам”-ыг шинэчлэн батлах тухай, хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам, Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд сумын төвд нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад /-ээр оюутан, сурагчийг хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчуулах журам зэрэг арваад асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Мөн Сайншанд сумын гурав, наймдугаар багийн хилийн заагийг баталгаажуулах, аймгийн аялал жуулчлалын төлөвлөгөөний төслийн танилцуулга, аймгийн 2019 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 24 дүгээр тогтоолоор төрийн албан хаагчдын цалин хөлсний жишгийг шинэчлэн тогтоосонтой холбогдуулж цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн зардлын өсөлтийг шийдвэрлэх, орон нутгийн төсвийн өмнөх оны үлдэгдлийг 2019 оны төсөвт бүрэн тусгах, төсвийн жилд үүссэн урсгал өрийг барагдуулах зорилгоор ерөнхийлөн захирагчийн төсөв хооронд төсөв шилжүүлж, зохицуулалт хийн аймгийн 2019 оны орон нутгийн төсөвт нэмэлт өөрчлөлт оруулсан гэж албаныхан тодорхойлжээ.

Гэхдээ орон нутгийн 2019 оны төсвийн орлогын нийт дүнд өөрчлөлт оруулахгүйгээр төсвийн зарлагын нийт дүнд зохицуулалт хийсэн аж.

Аймгийн орон нутгийн хөрөнгө оруулалтын зардлыг аймгийн ИТХ-аар баталсан хэмжээнээс 672.5 сая төгрөгөөр нэмэгдүүлж 8390.3 сая төгрөгөөр төлөвлөсөн байна.

Төсвийн задаргааг сонирхвол, Хот тохижилтын газарт жолооч, үйлчлэгчийн орон тоо, цалингийн сан, шатахууны зардлыг нэмэгдүүлэх, Монгол Улсын Шадар сайд аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу “Говийн чоно” олон улсын дадлага сургуулийг хийхтэй холбогдуулан 200 сая төгрөг, хувь хүний орлогын албан татварын буцаан олголтын дутуу 23 сая, Дорноговь аймгийн түүхэн баримтат кино хийхэд зориулж 40 сая төгрөг зэргийг төсөвлөсөн байна. 

Холбоотой мэдээ