Нутгийн уран бүтээлчдийн шинэ номын нээлт болов

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2019-06-12 14:36:08

 

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн уран бүтээлчдийн Дөрвөн цаг утга зохиолын нэгдлийн уран бүтээлч, зохиолч, яруу найрагчдын шинэ номуудын нээлт боллоо. Тодруулбал, МУСГЗ Ай.Төмөр-Очирын “Морин шуурга”, С.Амартайваны “Морьтны тэнгэр”, Ч.Эрдэнэбаатарын “Монгол ухааны эрхин хэлхээ”, “Мөргөл”, Сүхбаатар аймгийн сэтгүүлчдийн "Талын түрлэг" бүлгэмээс эрхлэн гаргасан “Монголын шилдэг нийтлэл” 99 дүгээр ботийн нээлтийг орон нутагтаа хийв.  

Сүхбаатар аймгийн уран бүтээлчид амь нэгтэй хүмүүс. Зохиолч, яруу найрагчдын Дөрвөн цаг нэгдэл, сэтгүүлчдийн Талын түрлэг бүлгэмүүд нь байгуулагдаад удаагүй ч олон төрлийн ажил арга хэмжээг зохион байгуулж, бие биенээ дэмжин, хамтран ажиллаж, шинэ уран бүтээлүүд гаргаж буй. Тэдний нэг бол энэхүү шинэ номуудын нээлтийг орон нутагтаа хийсэн явдал байлаа. Шүлэг яруу найрагт дурлагч, сонирхогчид болон үе үеийн уран бүтээлчид, аймаг орон нутгийн удирдлагууд номын нээлтэд оролцов. Улмаар шинэхэн номоо нутгийнхаа иргэдийн хамтаар өлгийдөн авч буй уран бүтээлчдэд аймгийн Засаг дарга, түүний тамгын газрын зүгээс хүндэтгэл үзүүлсэн юм.


Уран бүтээлчид нээлтийн үеэр, Дөрвөн цаг утга зохиолын нэгдлийн тэргүүн, яруу найрагч С.Амартайван

Нэгдэл маань байгуулагдаад удаагүй ч хэд хэдэн бүтээлч ажлыг хийлээ. Түүний нэг бол номонд дуртай, сэтгэлийн гэгээтэй нутгийн иргэддээ уран бүтээлчдийнхээ шинэ номынхоо дээжийг хүргэж, бэлэг барьж буй явдал юм. Энэ бол цаашид Сүхбаатар аймгийнхаа авьяас билэгтнүүдийг нээн илрүүлэх, дэмжин дэлгэрүүлэх, төр засагтайгаа хамтарч соён гэгээрүүлэх их ажлын эхлэл юм.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, нийгмийг соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэхийг аймгийн удирдлагуудад үүрэг болгосон. Мөн Монгол Улсын Засгийн газраас монгол хэл ёс заншлаа дээдлэх, хүүхэд залуучуудыг соён гэгээрүүлэхэд чиглэсэн дэд хөтөлбөрийг баталсан. Тиймээс Монгол Улсын Засгийн газрын бодлого үйл ажиллагаатай нийцсэн ажил болж байна гэж харж байгаа. Цаашид олон олон ажлыг манай уран бүтээлчид түүчээлэн хийх болно.

 

МУСГЗ, яруу найрагч Ай.Төмөр-Очир

"Морин шуурга" бол миний зургаа дахь ном. Уг ном маань цаг үе, нийгмийн захиалгаар бичигдсэн гэж хэлж болно. Миний багш бол адуу юм. Тиймээс би сайнаас саар хүртэлх бүх зүйлийг адуугаараа дүрсэлж, уран бүтээлээ туурвидаг. Манай Сүхбаатарчууд үнэн үгэнд дуртай. Тиймээс ч үнэн үгтэй номоо бариад нутгийн хүү нь ирлээ. Улс төр, нийгмийн болохгүй бүтэхгүй байгааг шүлэг яруу найргаар дүрсэлснийг минь үнэхээр сайхан хүлээн авч байна. Нутагтаа шинэхэн номынхоо хуримыг хийнэ гэдэг уран бүтээлч хүнд дээдийн жаргал юм.


Дөрвөн цаг утга зохиолын нэгдлийн гүйцэтгэх захирал, яруу найрагч Ч.Эрдэнэбаатар

Миний хувьд тав дахь номоо уншигч олондоо өргөн барьж байна. "Монгол ухааны эрхин хэлхээ" номын тухайд монгол ухаан, монгол сургаалийг яруу найрагтай хослуулан бичсэнээрээ онцлог. Сүхбаатар аймгийн үе үеийн уран бүтээлчид олон сайхан бүтээл туурвиж Монголдоо төдийгүй дэлхийд үнэлэгддэг. Бид энэ эрхэм хүмүүсээсээ суралцан, харилцан туршлага солилцож, цаашид шинэ залуу уран бүтээлчийг гаргах нь манай утга зохиолын нэгдлийн эрхэм зорилго. Үүнийхээ төлөө ч тууштай ажиллах болно гэв.


Энэ үеэр Сүхбаатар аймгийн Дөрвөн цаг утга зохиолын нэгдлийн шинэ гишүүдэд гишүүнчлэлийн үнэмлэхийг албан ёсоор гардуулсан юм. Цаашид нэгдлийн зүгээс яруу найраг, утга зохиолыг сурталчлан таниулах, нийгмийг соён гэгээрүүлэх их үйлсийг түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд бүх суманд ажиллаж, шинэ залуу гишүүдээр эгнээгээ өргөжүүлэхээр төлөвлөжээ.

Ийнхүү Сүхбаатарчууд нэгэн өдрийг шүлэг, яруу найраг дунд өнгөрүүлж, нутгийн шилдэг уран бүтээлчдийнхээ шинэхэн номуудыг хамтдаа өлгийдөн авсан юм. 

Холбоотой мэдээ