Монголоо аврах хөдөлгөөн байгуулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМЭдийн засгийн хямралын үед Засгийн газар тодорхой арга хэмжээ авч ажиллаж байгаа ч бодит үр дүн гарахгүй байна гэж үзсэн учир хэсэг иргэд Монголоо аврах хөдөлгөөн байгуулжээ.
Тус хөдөлгөөний зүгээс нэг хүнд хэдэн төгрөгийн өр ногдож байгаа, Монголчууд хэзээ нийтээрээ ажилтай болж ядуурлаас гарах, хэзээ монгол хүн эх орондоо хүн шиг сайхан амьдрах вэ гэсэн гурван асуултыг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад тавих гэнэ.
Дээрх асуултаа мөн иргэдэд тавих ба хүн ам их төвлөрсөн Чингисийн талбай, Тусгаар тогтнолын талбай, Нарантуул болон дүүргүүдийн захуудаар явж саналыг нь авна гэдгээ Үндэсний мэдээллийн төвд болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ.
Тус хөдөлгөөн нь 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд саажилт, зүрхний дутагдалтай хүүхдүүдэд туслах аяныг давхар өрнүүлж, иргэдээс хандив цуглуулж байгаа аж. Монголоо аврах хөдөлгөөний гишүүн Б.Ганхуяг, “Бид өмнө нь хүмүүнлэгийн ажлын хүрээнд хандивын аян зохион байгуулж, 22 хүүхдэд тусалсан. Харин одоо үйл ажиллагаагаа өргөжүүлж улс төрийн асуудалд анхаарлаа хандуулж байна” гэлээ.
Э.Бат-Уянга