Хамгийн үнэтэй брэндүүдийн чансааг “Amazon” тэргүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-06-11 16:45:02

МОСКВА. /TASS/. Дэлхийн хамгийн үнэтэй брэндүүдийн “BrandZ Top 100” жагсаалтыг Америкийн онлайн худалдаа эрхлэгч "Amazon" компани тэргүүлжээ.


“BrandZ” цахим хуудсанд мягмар гарагт нийтэлсэн мэдээллээс үзвэл, “Amazon” компанийн зах зээлийн өртгийг шинжээчид 315.6 тэрбум ам.доллароор үнэлсэн байна. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад тус компани байраа хоёр шатаар ахиулж, гуравдугаар байраас нэгдүгээрт бичигджээ.


Өнгөрсөн жилийн жагсаалтыг тэргүүлэгч “Google” компани гуравдугаарт орсон байна. Тус компанийн зах зээлийн үнэлгээ 309 тэрбум ам.доллароор хэмжигджээ. “Apple” корпорац 309.6 тэрбум ам.долларын үнэлгээгээр хоёрдугаар байраа хэвээр хадгалж үлдсэн байна.


Жагсаалтын эхний тавд мөн "Microsoft" /251.2 тэрбум ам.доллар/ болон "Visa" /177.9 тэрбум ам.доллар/ компани оржээ. Тус компаниудын араас "Facebook" /158.9 тэрбум ам.доллар/, Хятадын цахим арилжааны томоохон компани "Alibaba" /131.2 тэрбум ам.доллар/, харилцаа холбооны "Tencent" /130.8 тэрбум ам.доллар/, "McDonald's" /130.4 тэрбум ам.доллар/,  "AT&T" /108.4 тэрбум ам.доллар/ компаниуд жагсжээ. 

Холбоотой мэдээ