АНУ Өмнөд Хятадын тэнгис рүү эргийн хамгаалалтын хоёр хөлөг онгоцоо илгээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-06-11 16:15:56

СИНГАПУР. /TASS/. Вашингтоны холбоотон улсуудын загас агнуурын салбарын хууль ёсны үйл ажиллагааг хангах зорилгоор АНУ Өмнөд Хятадын тэнгис рүү эргийн хамгаалалтын хөлөг онгоцуудаа илгээжээ. Энэ тухай АНУ-ын Номхон далайн командлалын Эргийн хамгаалалтын командлагч, дэд адмирал Линда Фаган мягмар гарагт сэтгүүлчдэд мэдээлсэн байна.


Өмнөд Хятадын тэнгис рүү илгээсэн “Bertholf” болон “Stratton” хөлөг онгоцууд долоо хоног эргүүл хийх аж. Линда Фаганы хэлснээр, Өмнөд Хятадын тэнгис нь  “усан тээврийн олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн суваг юм. Тиймээс Америкийн хөлөг онгоцууд уг тэнгист байх бүрэн эрхтэй”.


Хятадын Батлан хамгаалахын сайд энэ сарын эхээр Сингапурт болсон Ази, Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх “Шангри-ла яриа хэлэлцээ” олон улсын бага хурлын үеэр үг хэлэхдээ, Өмнөд Хятадын тэнгисийн байдлыг улам даамжруулж байна гэж Вашингтоныг буруутгажээ. Түүний хэлснээр, бүс нутагтай ямар ч холбоогүй зарим улс “энд зориудаар сэтгэл санаагаар тоглож, нисэх онгоц тээгч болон цэргийн хөлөг онгоцуудаа илгээж байна”.


БНХАУ нь Өмнөд Хятадын тэнгис дэх Параселийн арлууд /Сиша/, Спартли /Наньша/ бүлэг арлын эзэмшлийн асуудлаар Бруней, Вьетнам, Малайз болон Филипп улстай газар нутгийн маргаан явуулдаг билээ.


Холбоотой мэдээ