“Гэрэлт ирээдүйн зам” хөтөлбөр хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-06-11 09:24:55

Булган /МОНЦАМЭБулган аймгийн Прокурорын газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх 439 дүгээр хаалттай хорих ангиас хамтран санаачилж, Монгол Улсын Прокурорын байгууллагын 90, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 100 жилийн ойг угтаж “Гэрэлт ирээдүйн зам” хөтөлбөрийг хоёр жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр болжээ.

Уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 439 дүгээр хаалттай хорих ангид ял эдэлж буй хоригдлуудыг гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, тэднийг нийгмийн харилцаанд ухамсартайгаар бие даан оролцох чадвартай бие хүн болоход дэмжлэг үзүүлэх, чадавхжуулах, хөгжүүлэх, хууль дээдлэх төлөвшлийг бий болгох, хорих ангид явуулж буй нийгэмшүүлэх ажлыг чанаржуулах, шинэ шатанд гаргахад нөлөөлнө гэж аймгийн Прокурорын газраас мэдээллээ.

      “Гэрэлт ирээдүйн зам” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ суллагдах хугацаа дөхсөн хоригдлыг нийгэмд бие даан амьдрах, нийгмийн харилцаанд саадгүйгээр оролцоход бэлтгэх зориулалт бүхий байр, өрөөтэй болгох, нийгэмд өргөн хэрэглэгдэж буй дэвшилтэт техник, хэрэгсэлтэй танилцах боломжийг бүрдүүлэх, хоригдлуудад тусгайлан зориулсан зураг, текст бүхий “өврийн ном”-ыг хэвлүүлэн гаргах, хоригдлуудын дунд “Бүсийн шилдэг даалин, бүс урлах” тэмцээнийг зохион байгуулах зэрэг ажил зохион байгуулахаар төлөвлөж байна.    

Холбоотой мэдээ