Венесуэл Колумбитай залгаа хилээ нээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-06-10 12:02:15

КАРАКАС. /BBC/. Венесуэл Колумбийн хилийг нээсний дараа олон мянган хүн хилээр нэвтэрсэн гэж Колумбийн холбогдох албаны төлөөлөгчид мэдээлжээ. АНУ-ын хүмүүнлэгийн тусламжийг нэвтрүүлэхгүйн тулд Венесуэл Колумбийг холбосон гүүрийг дөрвөн сар хаасны дараа өнгөрсөн бямба гарагт нээсэн байна.


Венесуэл улс нь эдийн засгийн урт хугацааны хямралын улмаас үндсэн хэрэгцээний хомсдолд нэрвэгдээд байгаа юм. НҮБ-ын агентлагуудын мэдээлснээр, 2015 оноос хойш дөрвөн сая гаруй иргэн Венесуэлээс дүрвэжээ.


“Бямба гарагт Колумби-Венесуэлийн хил дээр 30 мянга гаруй хүн ирсэн бөгөөд тухайн өдрийн орой гэхэд 37 мянга орчим хүн хилээр нэвтэрсэн” гэж Колумбийн Гадаад хэргийн яамнаас мэдээлсэн байна.


Венесуэлийн сөрөг хүчин гадаадын орнуудаас хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэх ажиллагааг зохион байгуулсантай холбоотойгоор Ерөнхийлөгч Николас Мадурогийн Засгийн газар Колумби, Бразил болон бусад улстай залгаа хилийг хаах шийдвэрийг өнгөрсөн хоёрдугаар сард гаргасан юм. Тэрбээр энэхүү явдлыг өөрийг нь Ерөнхийлөгчийн албан тушаалаас түлхэн унагах оролдлогын нэг хэсэг хэмээн мэдэгдсэн юм.


Өнгөрсөн сард Н.Мадуро Бразил болон Аруба аралтай залгаа хилээ нээж буйгаа мэдэгдсэн боловч Аруба арлын эрх баригчид хилээ хаалттай байлгах шийдвэрийг гаргажээ. 

Холбоотой мэдээ