Дахин төлөвлөлтийн хүрээнд 60 айлын орон сууцны барилгын ажил дуусчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-06-08 11:04:14

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Үндсэн тосгон буюу барак байруудын насжилт дуусч дахин төлөвлөлтөд хамруулах шийдвэр гарч өнгөрсөн жил 6 дугаар багийн 3 байраас нэгийг сонгож буулган газрыг чөлөөлж барилга барьж эхэлсэн.Тэгвэл дахин төлөвлөлтийн хүрээнд хийсэн анхны барилга ашиглалтад орж оршин суугчдаа хүлээн авахад бэлэн болжээ.

Зургаадугаар багийн нутаг 61,62,63 дугаар барак байрууд дахин төлөвлөлтөд орох болсон. Хамгийн эхний дахин төлөвлөлтөд орсон 61 дүгээр баракын айл өрхүүдийг орон  сууцанд хуваарилах хурал боллоо.

Эхний ээлжинд 24 айлын хуваарилалтыг хийх аж. Хэзээ мөдгүй нурах дөхсөн эдэлгээ даах боломжгүй, хүн амьдрах нөхцөлгүй, аюултай орчин бүрдсэн дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын газраас гаргасан барак байраа орчин үеийн шаардлагад нийцсэн тохилог орон сууцаар сольж байгаа иргэд уулзалтын үеэр талархлаа илэрхийлж байсан юм. 

Энэхүү дахин төлөвлөлтийн ажил нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан аж. Барилгын гүйцэтгэгчээр “Минж проперти” ХХК шалгарч ийнхүү дахин төлөвлөлтийн эхний барилгыг ашиглалтад оруулж байна.

Дашрамд, Дархан хотын анхны барилгуудын нэг болох үндсэн тосгоны барак байрууд нь 1960-1969 онд баригдсан. Мөн олон улсын зам дагуу байрладаг учраас хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байгаа учраас Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулахаар болсон ажээ.

Холбоотой мэдээ