“Чингис хааны цом 2019” олон улсын тогооч нарын наадам болж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Чингис хааны цом 2019” олон улсын тогооч нарын наадам
өнөөдөр “Мишээл экспо” төвд эхэллээ. Наадмыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг
даргын Тамгын газрын Захирагчийн ажлын алба, Дэлхийн тогооч нарын холбоо,
Монголын мастер тогоочдын холбоо хамтран Улаанбаатар хотноо хоёр дахь жилдээ
зохион байгуулж байна.
Хоёр өдөр үргэлжлэх тус тэмцээнийг нээж ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле хэлэхдээ, "Өнө эртний баялаг түүхтэй Монгол түмний хоол хүнсээ бэлтгэх арга ажиллагаа, хоол зүйн соёл, хооллох дэг ёс нь өвөрмөц онцлогтой, түүхий эд нь хүний бие махбодид шаардлагатай аминдэм, шим тэжээлтэй, эмчилгээ сувиллын ач холбогдолтой юм. Дэлхий нийтээрээ даяарчлалд нэгдэн хөгжиж буй өнөө үед монгол туургатны хоол, идээ, ундаа боловсруулах, хадгалах, нөөцлөх, хэрэглэх уламжлалт аргыг олон улсад түгээн дэлгэрүүлэх, Монгол орны экологийн цэвэр хүнсийг олон улсад бодитоор сурталчлахад “Чингис хааны цом-2019” олон улсын хоолны фестивалийн ач холбогдол оршиж байна" хэмээн онцлов.
Энэ удаагийн тэмцээнийг Дэлхийн тогооч нарын холбооны албан
ёсны зөвшөөрөлтэй зохиож буйгаараа онцлог бөгөөд Монгол, Солонгос, Румын, Хятад, Сири, Казахстан,
Мексикийн олон улсын эрхтэй 20 шүүгч тэмцээнийг шүүх юм. Тэмцээнд 10 улсын тогооч нар тэмцээнд оролцож байна.
Тэмцээний үеэр “Монгол үндэстний уламжлалт өв соёл, хоол идээ ундааны соёл”-ыг олон улсөд таниулах зорилгоор битүү хоолны онцлогийг харуулсан 500 ширхэг сархинагтай битүү шөл хийж үзүүлэх аж. Мөн монгол үндэстний битүү хоолны технологийг “Соёлын биет бус өвд бүртгүүлэх” ажлын суурийг тавьж буйгаараа онцлогтой гэдгийг зохион байгуулагчид нь онцолж байв.
Монголын мастер тогоочдын холбооны дэд тэргүүн, олон улсын шүүгч Р.Батбаатар хэлэхдээ, “Хоол үйлдвэрлэлийн салбарын гадаад харилцаа сүүлийн 10 жил мэргэжлийн холбоод сайн ажилласны үр дүнд ахицтай явж байна. Монгол тогооч нар олон улсын А болон Б зэрэглэлийн ахисан түвшний тэмцээнд оролцож, амжилт гаргана гэдэг ур чадвар нь ахиж буйн шинж юм. Бидний гол зорилго бол, хоолны олимпод оролцох бөгөөд Герман улсад дөрвөн жилд нэг удаа болдог хоолны олимпын босгыг давахын тулд, Азийн болон бүсийн уралдаан тэмцээнд амжилт гаргах шаардлагатай байдаг. Үүнд маш их бэлтгэл, хүнсний зарцуулалт, санхүү хэрэгтэй болдог. Тиймээс олон улсад эх орноо сурталчлан таниулахаар зохион байгуулж буй, Чингис хааны нэрээр овоглосон энэхүү тэмцээн нь манай тогооч нар гадны тогооч нартай туршлага солилцож, мэдлэг мэдээлэл олж авдаг томоохон сургалт болдгоороо ач холбогдолтой” хэмээв.
Тэмцээнийг залуу тогооч, мэргэжлийн тогооч, багийн цом төрлөөр явуулах юм. Өнөөдөр ганцаарчилсан буюу хонь, үхэр, тахиа, загасны махаар хоол хийх, “Пицца, паста хэн сайн хийх вэ”, чимэглэл, сийлбэр, шоколад, элсэн чихрийн урлаг зэрэг төрлөөр болох бол маргааш цомын төлөө багийн тэмцээн болно. Мөн Олон улсын хоолны мастер шоу үзүүлбэрийг оролцож буй орон бүр танилцуулах юм.