Гучин-Ус суманд тэмээ галзуурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Гучин-Ус сумын Хөөвөр багийн “Мааньтын нуруу” гэдэг газар малчин Д-ийн тэмээ галзуу өвчний шинж тэмдэгтэйгээр үхжээ.
Тэмээнээс сорьц авч, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд галзуу өвчин болох нь тогтоогдсон учраас сумын Засаг даргын 5 дугаар сарын 29-ний өдрийн А/37дугаар захирамж гарч, 14 хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэм тогтоогоод байгаа юм.
Мал, амьтан галзуугаар өвчлөх тохиолдол олон жилийн дундаж үзүүлэлтээс харахад нэгдүгээр сараас эхлэн зуны улирал хүртэл идэвхждэг бөгөөд иргэд орон нутагт зорчих, отор нүүдэл хийх, мал бэлчээрлэж эхлэхтэй холбоотой аж.
Энэ үеэр галзуугийн сэжигтэй амьтанд уруулах, ноцуулах, шүлсдүүлэх зэрэг эрсдэл нэмэгддэг тул иргэдийг сонор сэрэмжээ дээшлүүлэх, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, эрсдэлд өртсөн тохиолдолд цаг алдалгүй эрүүл мэндийн байгууллагад хандахыг аймгийн ЗӨСТ-өөс анхааруулж байна.