Зочлох үйлчилгээний төрөлжсөн сургалтад 200 гаруй иргэн хамрагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-06-05 20:22:33

Ховд /МОНЦАМЭ/. БОАЖЯ, Ховд аймгийн БОАЖГ хамтран “Зочлох үйлчилгээ"-ний төрөлжсөн сургалт зохион байгуулж байна. 

Монгол Улсын хэмжээнд 2018 онд өмнөх жилүүдээс хамгийн олон буюу 5529 сая жуулчин хүлээн авсан байна. Засгийн газраас 2020 он гэхэд 1 сая жуулчин хүлээн авах зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Үүнтэй холбогдуулан БОАЖЯ-наас аялал жуучлалын үйлчилгээний чанарыг сайжруулах, салбарын боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор улсын хэмжээнд “Зочлох үйлчилгээ"-ний төрөлжсөн сургалт зохион байгуулж байгаа. Энэ сургалт хуваарийн дагуу Ховд аймагт эхэллээ.

Орон нутагт аялал жуулчлалын чиглэлээр  үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл 200 гаруй иргэн сургалтад оролцож байна.

Сургалтын хүрээнд аялал жуулчлалын зочин угтагч, зөөгч, бартендер, бариста, өрөөний болон гэрийн үйлчлэгч, ачаа зөөгч, хаалгач, тогооч, хөтөч тайлбарлагч, жолооч, удирдах ажилтан, менежер гэсэн 10 төрлийн мэргэжлээр шинэ мэдлэг, ур чадвар эзэмшүүлж байгаа юм.  

Ховд аймаг өнгөрсөн онд гадаад, дотоодын 46 мянга гаруй жуулчин хүлээн авсан бөгөөд аймгийн хэмжээнд аялал жуулчлалын салбарт 10 гаруй жуулчны бааз, амралтын газар, 12 зочид буудал, 10 орчим гэст хаус, дэн буудал үйл ажиллагаа явуулж байна.

Аялал жуулчлал нь иргэдийн зугаа цэнгэл, чөлөөт цагаа өнгөрөөх арга төдий бус орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд эерэгээр нөлөөлөх хүчин зүйл юм. Энэ утгаараа сүүлийн жилүүдэд аялал жуулчлалаас олох орлого өссөн боловч  үйлчилгээ түвшин дутагдалтай хэвээр байна. Тиймээс энэхүү сургалтын үр дүнд орон нутгийн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, тэр дундаа үйлчилгээний чанарыг сайжруулах, тухайн салбарын ажилтнуудыг чадваржуулах, олон улсын жишигт нийцсэн стандартыг бүрэн хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж албаныхан хэллээ.   

Тус сургалтын чиглүүлэгчээр аялал жуулчлалын салбарт таван жилээс дээш ажиллаж буй туршлагатай, мэргэжлийн сургагч багш нар ажиллаж байна. Энэ сургалтыг  анх удаа  үнэ төлбөргүй  зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

Сургалт зургаадугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжлэх ба сертификат олгоно.

 

Холбоотой мэдээ