Г.Баясгаланг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэхийг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-06-05 16:34:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Г.Баясгаланг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж дэмжлээ.


Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр УИХ-аас нэр дэвшүүлж томилсон Б.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа энэ оны дөрөвдүгээр сард дуусжээ. Тиймээс Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Г.Баясгаланг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэхээр санал болгож буйгаа УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав.


УИХ-ын даргын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь дэмжлээ. Уг асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хэлэлцсэний дараа чуулганаар эцэслэн шийдэх юм.


Нэр дэвшигч Гунгаагийн Баясгалан нь 1986 онд ОХУ-ын Москвагийн их сургууль, 1998 онд БНЭУ-ын Делигийн их сургуулийг төгссөн. Хуульч мэргэжилтэй, хууль зүйн магистр зэрэгтэй. Тэрбээр 1986-1991 онд Баянхонгор аймгийн прокурорын газарт мөрдөн байцаагч, хяналтын прокурор, туслах прокурор, 1991-1999 онд Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, газрын дарга, зөвлөх, 1999-2001 онд Хууль зүйн яаманд газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга, 2001-2006 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх, 2006-2012 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2012-2014 онд “Партнерс форэвэр” ХХК-ийн захирал, 2014-2016 онд МАН-ын даргын зөвлөхөөр тус тус ажиллажээ. Улмаар 2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2018 оны наймдугаар сараас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар ажиллаж буй юм.

Холбоотой мэдээ