Их Британийн шинэ Ерөнхий сайдын нэр ирэх сард тодорно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ЛОНДОН. /TASS/. Их Британийн эрх баригч Консерватив намын шинэ дарга болон тус улсын шинэ Ерөнхий сайдын нэр долдугаар 22-ноос эхлэх долоо хоногт буюу өөрөөр хэлбэл долдугаар сарын 28-ны өдрөөс хэтрэхгүй тодорно. Энэ тухай телевизийн “Sky News” суваг консервативчуудын нам доторх сонгуулийн тогтолцоог өөрчлөх талаар хамгийн сүүлд гаргасан шийдвэрийг танилцуулахдаа мэдээлжээ.
Консерватив намын даргын сонгуулийн эхний үе шат зургадугаар сарын 13-нд болно. Нэр дэвшигчид зургадугаар сарын 18, 19, 20-нд болох санал хураалтаар шишигдэнэ. Үүний дараа жагсаалтад зөвхөн хоёр нэр дэвшигч үлдэх ёстой бөгөөд санал хураалтыг парламентын Нийтийн танхимд бус Консерватив намын энгийн гишүүдийн дунд явуулна. Санал хураалтын дүн сарын дараа буюу долдугаар сарын 22-ны өдрөөс хэтрэхгүй тодорхой болох аж. Энэ өдрөөс эхлэх долоо хоногт тус улсын одоогийн Ерөнхий сайд Тереза Мэй эрх баригч намын шинээр сонгогдсон даргад суудлаа тавьж өгөх ёстой юм.
Консерватив намын дарга болон Их Британийн Засгийн газрын тэргүүний албан тушаалын төлөөх өрсөлдөөнд тус намын 13 гишүүн нэрээ дэвшүүлсэн боловч хоёр нэр дэвшигч мягмар гарагт нэрээ татсанаар 11 болсон байна. Тодруулбал, "Brexit"-ийн асуудал хариуцсан дэд сайд Жеймс Клеверли болон бүс нутгийн болон орон нутгийн өөртөө удирдах засаг захиргааны асуудал хариуцсан дэд сайд Кит Малтхаус нэрээ татжээ.