Түрээсийн 1542 орон сууцыг өмчлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2019-06-05 11:06:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаанаар улсын хэмжээнд барьж буй 1542 орон сууцыг иргэдэд өмчлүүлэх шийдвэр гаргажээ. Энэ талаар БХБ-ын сайд Х.Баделхан мэдээлэв.


Төрийн хөрөнгөөр 1542 айлын түрээсийн орон сууц барих ажил санхүүгийн дутагдлаас үүдэн түр зогсоод байсныг Хөгжлийн банкны зээлээр санхүүжүүлж, бүтээн байгуулалтыг өрнүүлж буй юм. Одоогоор дээрх орон сууцнуудын барилгын явц 90 гаруй хувьтай байгаа аж. Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийслэл, орон нутагт барьж буй түрээсийн орон сууцыг өмчлүүлэх эрхийг Хөгжлийн банкны зээлтэй хамт тухайн аймагт нь шилжүүлж, 5 жилийн хугацаанд Хөгжлийн банканд эгүүлэн төлүүлэх тогтоол баталсныг БХБ-ын сайд Х.Баделхан мэдээллийнхээ эхэнд онцлов.


Тэрбээр, “Нийслэлд 972 орон сууц, бусдыг нь аймгуудад барьж байгаа. Эдгээр орон сууцыг Хөгжлийн банкны 110 тэрбум төгрөгийн зээлээр барьсан. Тиймээс орон сууцыг 5 жилийн хугацаанд иргэдэд түрээслэх, өмчлүүлэх асуудлыг орон нутаг нь шийдвэрлэх юм. Ингээд орон сууцыг өмчилсөн өрхүүдийн төлбөрөөс Хөгжлийн банкны зээлээ төлөх юм” гэлээ.


Улсын хэмжээнд найман хувийн зээлд хамрагдаж, орон сууц худалдан авах хүсэлтэй 37 мянган айл өрх байгаа бөгөөд Засгийн газраас ч орон сууцны хүртээмжийг сайжруулах бодлого баримталж буй юм. Тодруулбал, БНХАУ-ын санхүүжилтээр Ногоон нуур орчимд 1008 айлын орон сууц, БНСУ-ын санхүүжилтээр 15 мянган айлын "Солонго" хороолол барихаар төлөвлөж байна. Түүнчлэн Засгийн газраас ирэх дөрвөн жилийн хугацаанд 150 мянган айлын орон сууц барихаар төлөвлөж байгааг БХБ-ын сайд Х.Баделхан дурдлаа.

Холбоотой мэдээ