Хүнд металл тодорхойлогч багаж гардуулав

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2019-06-05 09:38:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Биологийн болон орчны дээжинд хүнд металлын агууламж тодорхойлогч Та-Лаб, АВА-3 маркийн гурван ширхэг тоног төхөөрөмжийг НЭМҮТ-ийн Орчны эрүүл мэндийн хор судлалын лаборатори,  Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд хүлээлгэн өглөө.

Химийн ослын шалтгааныг үнэн зөв тодорхойлж, эмчилгээ оношилгоог цаг алдалгүй үзүүлэхэд лабораторийн хүчин чадал, багаж, тоног төхөөрөмжийн хүрэлцээг сайжруулах зорилгоор уг багажийг гардуулав.

ОХУ-д үйлдвэрлэсэн энэхүү багаж нь ундны ус, бохир ус, агаар, хөрсөнд As, Cd, Pb, Cu, Zn, Mn, Co, Fe, Ag зэрэг хүнд металл тодорхойлдог аж.

Тоног төхөөрөмж гардуулах ажиллагаанд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др.Сергей Диордица, НЭМҮТ-ийн захирал Д.Нарантуяа болон бусад албаны хүмүүс оролцов.

Монгол Улсад нийтийг хамарсан химийн осол, хордлогын үед нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор ЭМЯ, ДЭМБ хамтран 2017-2018 онд хэрэгжүүлж буй “Нийтийг хамарсан химийн ослын үеийн нийгмийн эрүүл мэндийн менежментийн чадавхыг бүрдүүлэх” олон улсын төслийн хүрээнд энэхүү ажлыг хийжээ.

 

Холбоотой мэдээ