Хэрэглэгчдийн ундны усны чанар хэвийн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-06-04 23:19:33

Завхан /МОНЦАМЭ/. Завханы "Амь-Ус трейд" ОНӨААТҮГ он гарсаар аж ахуйн нэгж, албан байгууллага, айл өрхөөс цэвэр, бохир усны шугам сүлжээтэй холбоотой 96 дуудлага хүлээн авсан тухай сэтгүүлчдэд мэдээлэв. 

Үүнээс цэвэр усны шугамын хөлдөлттэй холбоотой 12 байгууллага, айл өрхийн 215м шугам, бохир усны шугамын хөлдөлттэй холбоотой долоон байгууллага айл өрхийн 225м шугамыг гэсгээж засварласан байна. Мөн хоёрдугаар өргөлтийн станцаас 108,000м3  цэвэр усыг түгээж, 97,200м3 бохир усыг татан зайлуулж, цэвэрлэх байгууламжаар цэвэрлэсэн байна. Бохирын цооног бүхий айл өрх, албан байгууллагуудаас 236м3 бохир усыг соролтын машин ашиглан татан зайлуулсан аж.

Түүнчлэн хэрэглэгчдийг ундны усны ахуйн стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангахын тулд сар бүр тогтмол аймгийн Мэргэжлийн хяналтын газрын бактерлогийн лабораторид цэвэр усны шинжилгээнд хамруулдаг байна. Он гарсаар 11 сорьц шинжилгээнд хамруулж нянгийн тоо нь 1мл-д зөвшөөрөгдөх хэмжээ нь 100 байхаас дээрх сорьцны хариу 0-17, E.Coli илрээгүй. Мөн дотоодын лабораторидоо химийн шинжилгээнд хэрэглэгдэх үндсэн бодисуудаа найруулан эх үүсвэр, гүний худаг болон ус түгээх байрнуудаас нийт 18 сорьцыг авч шинжилгээнд хамруулжээ. 

Холбоотой мэдээ