Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Төв аймагт айлчиллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-06-10 14:56:50

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Баян сумын Засаг дарга Ц.Энхбаатар, тус сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга Д.Мөнхцог болон албаны хүмүүсийн төлөөлөл Зуунмод суманд 06 дугаар сарын 05-ны өдөр БНПУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Кшыштоф Божког хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр улсын сум, орон нутгийн хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцсон байна. Ирэх 7 дугаар сарын 12-нд Төв аймгийн Баян суманд БНПУ-ын Гадаад харилцааны дэд сайд Мачей Ланг, тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд К.Божко, Глиноецк хотын дарга Лукаш Капчыньски нар албан ёсоор айлчлан ирэх товыг тогтжээ.

Айлчлалын зорилго Баян сумын газар нутаг, монгол үндэстний соёл урлаг, нүүдэлчдийн зан заншил, ахуй амьдралтай танилцан, найрамдалт харилцаагаа дахин сэргээх гэнэ.  

Анх 1959 онд (тухайн үеийн БНПАУ)-ын төрийн зөвлөлийн ерөнхийлөгч Александр Завадский тус нэгдэлд зочлон ирсэн түүхтэй юм байна. Тэр үед Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн зарлигаар Төв аймгийн Баян сумын "Цацрал нэгдэл"-ийг Монгол-Польшийн найрамдалт нэгдэл болгож байжээ. Ийнхүү 60 жилийн дараа найрамдалт харилцаагаа дахин сэргээн бататгах хамтын ажиллагааны уулзалт ирэх 7 дугаар сард болох нь.

Холбоотой мэдээ