Шагналын мөнгөө буянт үйлсэд хандивлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-06-05 12:21:46

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил АНЭУ-ын Абу Даби хотноо болсон Жюү жицү бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дэлхийн аварга, дэлхийн аваргын медальтан болсон өсвөрийн тамирчиддаа баяр хүргэж, цаашдын үйлсэд нь амжилт хүсэн мөнгөн урамшуулал олгосон тухай өмнө мэдээлж байсан.

Энэхүү тэмцээнээс дэлхийн аваргын алтан медаль хүртэн аймгийн даргаас гурван сая төгрөгийн шагнал хүртсэн “Шинэ Бадрах” дэвжээний тамирчин Б.Шинэтулга эл мөнгөн шагналаа мод үржүүлгийн байгууллагад хандивлажээ. Бяцхан биед багтамгүй ухаан, эх нутаг, байгаль дэлхийгээ гэсэн түүний ухаалаг шийдвэрийн үр дүнд Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрийн нэгээхэн хэсэг болох 20 га газарт ийн ойжуулалт хийх аж.

Энэ тухай тамирчин хүү Б.Шинэтулгын ээж Ё.Батзул “Бид хүүгээрээ маш их бахархаж явдаг. Харин өнөөдөр хүүгээрээ дэндүү их бахархаж байна. Учир нь хүүг маань дэлхийн аварга болоод ирэхэд нь гардуулан өгсөн гурван сая төгрөгөө Сэлэнгэ аймгийнхаа нутаг дэвсгэр дээр 20 га газар ойжуулалт хийж буй ах, эгч нартаа өгч мод үржүүлэх их үйлсэд хөлс хүч, хөдөлмөрийнхөө үр шимийг шингээж, эх нутагтаа маш том өв үлдээлээ. Ээж нь ч ингэж санахгүй байхад миний хүү том эр хүн болжээ. Ёстой л эр хүний дотор эмээлтэй хазаартай морь эзэнтэйгээ багтдаг гэдгийн тод жишээг ээж нь хүүгээсээ олж харлаа. Хүүгийн минь хишиг эх дэлхийд түм бум үржиж үйлс бүхэн нь дэлгэрэх болтугай” хэмээн нүүр номондоо бичжээ. Буян буяны дээд мод тарих ажил хэмээсэн байдаг.

Холбоотой мэдээ