“Жэймс Уэбб” дуран авайг тойрог замд гаргахад бэлэн болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-01 16:08:38

МОСКВА./РИА Новости/. “Жэймс Уэбб” дуран авайнд нислэгийн өмнөх бүх туршилтыг хийж дууссан бөгөөд түүнийг тойрог замд илгээхэд бэлэн боллоо гэж НАСА-гийн Сансрын нислэгийн төвөөс мэдээлсэн байна.   

 

“Нортроп Грумман” төв ба Годдарын нэрэмжит Сансрын нислэгийн төвийн инженерүүд дулаан-вакуумын туршилтыг хийж дуусгасан тухай НАСА-гийн JWST төслийн удирдагч Жианн Дэвис ярилаа.

 

Түүхэн дэх хамгийн хүчирхэг дуран авай болох “Жэймс Уэбб” нь сансрын тойрог замд 30 орчим жил ажиллаж буй “Хаббл” дуран авайн халааг авах ёстой юм.  

Уг дуран авайг 2014 онд тойрог замд гаргахаар төлөвлөж байсан боловч түүнийг угсрахад гарч буй зардал асар их байсан тул нислэгийг 2015 оны 9 дүгээр сар хүртэл, дараа нь 2018 оны 10 дугаар сар, хамгийн сүүлд 2019 оны 7 дугаар сар хүртэл хойшлуулжээ.

 

Дулаан-вакуумын туршилтын явцад, аппаратыг +102 Цельсийн хэм хүртэл халааж,-148 Цельсийн хэм хүртэл хөргөсөн бөгөөд энэ үед цахим төхөөрөмж болон хөдөлгүүрт ямар нэгэн гэмтэл гараагүй байна.

 

Дуран авайн хоёр хэсгийг хооронд угсарсны дараа түүнийг тусгай капсулд хийж, Францын Гвиан дахь Куру сансрын нислэгийн буудалд авчрах бөгөөд Ariane 5 хэт хүнд пуужингаар сансрын тойрог замд гаргах ажээ. Хөөргөлт амжилттай болсон тохиолдолд “Жэймс Уэбб” нь түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй, хамгийн хүнд жинтэй тойрог замын дуран авай болох юм.   

 

 

 

Холбоотой мэдээ