АНУ болон БНХАУ-ын удирдагчид Осакад уулзана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. БНХАУ-ын дарга Си Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар зургадугаар сарын 28-29-нд Японы Осака хотод болох “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр талын уулзалт хийх боловч энэ нь худалдааны маргааныг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй. Энэ тухай “South China Morning Post” Хятадын Ардын банкны дарга асан, Засгийн газрын нөлөө бүхий шинжээч Дай Сянлуны мэдэгдлээс иш татан уламжилжээ.
“БНХАУ болон АНУ-ын удирдагчид ирэх сарын сүүлээр Японд уулзах бөгөөд ямар нэг нааштай мэдээ сонсоно гэж би бодохгүй байна” гэж тэрбээр технологийн салбар дахь Хятад-Америкийн хамтын ажиллагааны асуудлаарх семинарын үеэр мэдэгдсэн байна. Үүний сацуу, Хятадын шинжээч хоёр улсын хооронд үүссэн худалдааны маргааныг зохицуулах асуудалд уг уулзалт нөлөө үзүүлнэ гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлжээ.
Дай Сянлун одоо Хятадын Олон улсын эдийн засгийн биржийн төвийн орлогч даргаар ажиллаж байгаа аж.
Осака хотод зургадугаар сард болох “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Си Жиньпинтэй хийх уулзалтаа тэсэн ядан хүлээж байна гэж Трамп өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ. Харин Бээжин одоогоор ямар нэг тайлбар өгөөгүй бөгөөд Японд хоёр талын дээд хэмжээний уулзалт зохион байгуулна гэдгийг нотлоогүй байна.