С.Чинзориг: Эхний ээлжинд 670 оноонд багтсан өрхийн хүүхдэд тэтгэмж олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-31 13:43:26
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүсэлт гаргасан хүүхэд бүрт тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн ч амьжиргааны түвшин нь 670 оноонд багтсан өрхийн хүүхдэд олгохоор болсон тухай ХНХ-ын сайд С.Чинзориг өнөөдөр мэдээлэв.


Ноднин УИХ-ын 40 дүгээр тогтоолоор, нийт хүүхдийн 80 хувь буюу 912 мянган хүүхдэд мөнгөн тэтгэмж олгохоор шийдвэрлэж, улсын төсөвт шаардлагатай 216 тэрбум төгрөгийг суулгасан байна. ХНХЯ-наас ноднин долоо, наймдугаар сард орон нутгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийг түшиглэн хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтэй өрхийн судалгааг гаргасан байна.  Энэхүү судалгаанд 70 мянган хүүхэд нэмж хүүхдийн мөнгө авах хүсэлтээ илэрхийлжээ. 


ХНХ-ын сайд С.Чинзориг хэлэхдээ, “Улсын төсөвт 912 мянган хүүхдийн мөнгө тусгасан ч хүсэлтээ гаргасан хүүхэд бүрт  буюу 980 мянга гаруй хүүхдэд тэтгэмж олгоход нэмж 12.3 тэрбум төгрөг шаардлагатай болсон. Энэ мөнгийг энэ оны ХНХ-ын сайдын төсвийн багцаар шийдэхээр төлөвлөж байна” гэв. 


Харин ноднин долоо, наймдугаар сард судалгаанд хамрагдаагүй өрх өнөөдрөөс орон нутгийнхаа Хөдөлмөр халамжийн хэлтсийн нийгмийн ажилтанд хандаж, хүүхдийн мөнгө авах хүсэлтээ гаргах боломжтой. Энэхүү хүсэлтийг авсны дараа амьжиргааны түвшинг 670 оноогоор дүгнэж мөнгөн тэтгэмжид хамрагдах баталгаажуулалт хийх юм. Мөн ноднин долоо, наймдугаар сард судалгаанд хамрагдаж хүсэлт гаргасан иргэд хүсэлтээ дахин өгөх шаардлагагүй ч хорооныхоо нийгмийн ажилтанд хандаж, хүсэлт нь баталгаажсан эсэхийг шалгуулах хэрэгтэйг ХНХ-ын сайд С.Чинзориг мэдэгдсэн юм. 


Мэдээллийн төгсгөлд тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулав. 


-Хүсэлт гаргасан 70 мянган хүүхдийн өмнөх таван сарын мөнгийг нөхөж олгох уу?

-Улсын төсөвт 912 мянган хүүхдийн мөнгө олгохоор шийдвэрлэсэн. Энэ онд 911 мянга гаруй хүүхэд мөнгөн тэтгэмж авсан байна. Харин нэмж хүүхдийн мөнгө авахаар хүсэлт гаргасан өрхийн мэдээллийг нэгтгэхэд, 980 мянган хүүхдийн мэдээлэл Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн мэдээллийн санд бүртгэгдсэн. Нэмж хүсэлт гаргасан хүүхдийн тэтгэмж олгох эх үүсвэрийг саяхан шийдсэн тул тэдгээр хүүхдэд нөхөж олгох боломжгүй. Тиймээс ирэх сарын нэгнээс хойш сар бүрийн 20-нд хүсэлт гаргасан хүүхдэд мөнгөн тэтгэмж олгож эхэлнэ. 


-Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох шийдвэр гарсан. Гэтэл амьжиргааны түвшин 670 оноонд багтаж байгаа өрхийн хүүхдийг хамруулах нь ямар учиртай вэ?

-Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохоор болсон ч босго оноо тогтоохгүй бол төсвийн эх үүсвэр дутах магадлалтай. Тиймээс эхний ээлжинд 670 оноонд багтаж байгаа өрхийн хүүхдэд олгохоор болж байгаа юм. Нэмж шийдсэн хөрөнгийн эх үүсвэр нь хүүхэд бүрт олгоход хангалттай хүрч байвал босго оноог хэрэглэхгүй.

Холбоотой мэдээ