Сурагчид Халх голын байлдааны талаар ойлголттой болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-05-30 15:30:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойг угтан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Дуурсах он жилүүд” ТББ хамтран “Халх гол тандаа баярлалаа” тойрон аяллын нээлт Зайсан толгой дахь “Хувьсгалт Монгол” танкийн бригадын дурсгалын хөшөөний дэргэд боллоо.


Энэ үеэр тойрон аяллын зорилго, хөтөлбөрийг танилцуулж, Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөөнд цэцэг өргөв.

Улаанбаатар дахь түүх дурсгалын газрыг түшиглэн Халх голын байлдааны талаарх өсвөр үеийнхний түүхийн мэдлэгийг нэмэгдүүлэх, Монгол, Зөвлөлтийн дайчдын баатарлаг гавьяаг мөнхжүүлэх, сурагчдын эх орноо хайрлах хүмүүжил төлөвшлийг нэмэгдүүлэх зорилготой тус тойрон аялалд Монгол дахь Сингапур ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хамрагдлаа.

Монгол Улсын баатар, хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн хөшөө, Монгол цэргийн музей, Офицеруудын ордны өмнөх Монгол Улсын баатар, хурандаа Л.Дандарын дурсгалын хөшөө, Маршал Г.К.Жуковын дурсгалын гэр музей гэсэн маршрутаар тойрон аялал үргэлжлэх юм.  

НЗДТГ-ын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан офицер, хурандаа Т.Мөнхбаяр хэлэхдээ, “Энэ онд тохиож буй Халх голын байлдааны 80 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Захирамжийн дагуу Халх голын байлдааны ойг тэмдэглэх төлөвлөгөө гарч, ажлын хэсэг байгууллаа. ЕБС-ийн сурагчдад Халх голын байлдааны үнэ цэнийг ойлгуулах, Улаанбаатар хотод буй түүхийн дурсгалт газраар аялуулах ажлыг зохион байгуулж байна. Цаашид бид байлдаанд оролцсон ахмад дайчдынхаа ар гэрт нь очиж, хүндэтгэл илэрхийлэх, их, дээд сургуулийн оюутан залууст Халх голын байлдааны үнэ цэнийн талаарх лекц, сургалт хийх зэрэг ажлыг зохион байгуулна” гэв.

Сурагчид бидний энэхүү амар тайван амьдрал ямар их үнэ цэнээр олдсоныг, эх орныхоо төлөө амиа хайрлахгүй тулалдсан дайчдын баатарлаг гавьяаг ойлгон мэдэж, түүхийн мэдлэгээ арвижуулсан дурсамж дүүрэн аялал болно хэмээн зохион байгуулагчид нь ярьж байв.


Холбоотой мэдээ